Нийт нутгийн 60 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-10-21 20:43:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт нийт бэлчээрийн 60 хувь нь даац олон дахин хэтэрсэн гэсэн дүн мэдээтэй байна.

Тус аймагт зуншлага тааруу бороо хур муу байснаас отор нүүдэл ихтэй, бэлчээрийн гарц сайтай газраа бэлчээрийн даац хэтрээд байгаа юм. Аймгийн нийт нутгийн 10-15 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 20 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, 60 хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байгаа аж. Үүнээс гадна бэлчээрийн даац хэтэрсэн газраа усан хангамж дутагдалтай байна гэж Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ.  

Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 2020 онд 603,0 мян толгой төл бойжуулж, 3,6 сая гаруй толгой мал намаржиж байна. 2020-2021 оны өвөл 3,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарсан. Нийт мал сүргийн 50 хувь нь дундаж тарга хүчтэй, 30 хувь дунджаас доош тарга хүчтэй байна. Намаржилт тааруу байгаагийн улмаас аймгийн хэмжээнд 11 сумын 696 өрхийн 319,3 мян толгой мал өөрийн аймгийн бусад суманд, 9 сумын 84 өрхийн 78,1 мян толгой мал гадны /Дундговь, Дорноговь, Өвөрхангай/ аймагт оторлож явна. Улсын тусгай хамгаалалттай газарт 8 сумын 499 өрхийн 270,1 мян толгой мал, хилийн зурвас газар 8 сумын 188 өрхийн 84,8 мян толгой мал, аймаг дундын отрын бүсэд 5 өрхийн 10,0 мян толгой мал орохоор урьдчилсан мэдээлэлтэй байна. 

相关新闻