“Монгол ур чадвар-2020” тэмцээн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-08 19:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны (GIZ) нийгэмлэг, мэргэжлийн холбоодтой хамтран “Монгол ур чадвар-2020” тэмцээнийг МСҮТ-үүдийндунд зохион байгуулж байна.


Энэ тэмцээний ялагч ирэх онд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулах Дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.


Тэмцээн гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч, токарь гэсэн 7 төрлөөр болж, 21 аймаг 9 дүүргээс шалгарч ирсэн шилдэг суралцагчид өрсөлдөж, ур чадвараа сорьж байна. Эхний шатны шалгаруулалтад Мэргэжлийн боловсрол, сургалтын 32 байгууллагын 80 орчим оролцогч ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулж байна. Тодруулбал, модон эдлэлийн мужаан 9, сантехникч 10, цахилгаанчин 14, өрөг угсрагч 5, гагнуурчин 17, токарьчин 9, тогооч 14 оролцогчидтой үргэлжилж байгаа юм. Тэмцээнийг төрөл бүрээр мэргэжлийн холбоод, ТББ байгууллагууд хамтран явуулж байна. Тухайлбал, мужааны тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг нь ХНХЯ, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ мэдээлэл арга зүйн төв, Германы хамтын ажиллагааны байгууллагын "Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт"-ын төсөл, Worldskills Mongolia буюу Мэргэжлийн боловсрол сургалтын түншлэл ТББ, Монголын Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн ассоциацийн хамтарсан баг ажиллаж байна.


Харин Тогоочийн мэргэжлийн ур чадварын тэмцээнийг Монголын мастер тогоочдын сургалтын төв дээр зохион байгуулж байна. Мэргэжлийн боловсрол сургалтын түншлэл ТББ, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл хамтран зохион байгуулж мастер тогооч нар шүүгчээр ажиллаж байна. Мөн токарьчин, гагнуурчны тэмцээн нь Өмнөговь аймгийн Политехник коллежийн багш сурагчдын өөрсдийн гараар бүтээн босгосон дадлагын баазад болж байгаа юм. Энэ мэтээр тэмцээнүүд төрөл тус бүрээр өрсөлдөөнтэй үргэлжилж байна.


Үүнээс гадна зарим аймгаас нэгдүгээр дамжааны суралцагчид тэмцээний үйл явцтай танилцаж, туршлага хуримтлуулах, дараа дараагийн тэмцээнд бэлдэх зорилгоор багш нартайгаа зорьж иржээ. Мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний үнэлэмжийг өсгөхөд Монгол ур чадвар тэмцээн ихээхэн ач холдбогдолтой юм.


相关新闻