7042-2562 хэрэглэгчийн утас ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-07 21:21:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас «Өөрчлөлт шинэчлэлтийн жил» уриан дор сарын аяныг өнгөрсөн сарын 14-ний өдрөөс орон даяар өрнүүлж байгаа. Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс тус аяныг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

«Стандарт, хэмжил зүйн газраас өгсөн албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагааны стандартыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлсэн. Тухайлбал, сурагчдад «Үдийн хоол»-ны үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжүүд холбогдох стандартын шаардлагыг хангаж, манай байгууллагаас тохирлын гэрчилгээ авсан байх ёстой. Харамсалтай нь ихэнх газар гэрчилгээгүй ажиллаж байна. Түүнээс гадна хэрэглэгчдийг сонсох 7042-2562 утас ажиллуулж байгаа. Иргэд уг утсаар стандартчилал, баталгаажуулалт, хэмжил зүйн асуудлаар мэдээлэл авах, санал, хүсэлтээ илэрхийлэх, гомдол мэдээлэл гаргах боломжтой» хэмээн аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Өмир хэлэв.

Мөн тус газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран ахуйн газ худалдах цэгүүдэд хяналт шалгалт, баталгаажуулалт хийх, Алтай, Буянт сумын ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд салбарын хууль тогтоомжийг сурталчлах сургалт явуулах, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд мэдээлэл хүргэх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Засгийн газрын 100 хоног, Дэлхийн стандартын өдөр, Стандарт, хэмжил зүйн ажилтны өдрийг тохиолдуулан өрнүүлж байгаа уг аян нь энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

相关新闻