Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнагдсан алба хаагчдыг хүндэтгэн хүлээж авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 126 дугаар зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор ЦЕГ-ын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Намхайдагвын Ганхуяг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч Дашбямбын Бямбадагва нар шагнагджээ.
Гавьяат хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсан алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүндэтгэн хүлээн авч уулзав.
Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Намхайдагвын Ганхуяг нь цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний алба хаагч юм байна.
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч Дашбямбын Бямбадагва нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 28 дахь жилдээ Дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн улсын онц чухал объектыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох, ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчиг, ачаа тээшийг харгалзах хүргэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тэргүүний алба хаагч аж.