ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль энэ сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар Их чуулганы тов тогтоож, түүгээр хэлэлцэх асуудал, мөн ШУА-ийн бага чуулганы гишүүн сонгох мэргэжлийн чиглэл, тоог тогтоох, академийн логоны загварыг сэргээн шинэчлэн батлах асуудлыг тус тус хэлэлцэв.
Тэргүүлэгч гишүүд ШУА-ийн ээлжит их хурлыг 2020 оны
10-р сарын 22-ны өдөр байхаар товлож, энэ их хурлаар ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгууль
явуулахаар шийдвэрлэлээ.
ШУА-ийн ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатай сонгодог. Энэхүү уламжлалаар өнөө жил ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа дуусгавар болж байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл 2016 онд ШУА-ийн их чуулганаар сонгогдож мөн оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар баталж байжээ.
ШУА-ийн бэлгэдэл “Эрдэм” логог анх 1969 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Монголч эрдэмтдийн хоёрдугаар хурлыг зохион байгуулах хорооны хурлаас баталсан байна. Лого нь бөмбөрцөг хэлбэртэй дугуй хавтгайн төвд нар, сар, галыг дараалуулан байрлуулаад наран дээр алтан үсгээр монгол гэдэг үгийг товойлгож түүнийг хоёр талаар нь ороосон бадамлянхуа цэцгийн голд эрдэм гэдэг үгтэй бүтээсэн байна.
Харин
хэрэглээний явцад энэхүү сүлд, тэмдгийн хэлбэр дүрс анхны хувилбараасаа
өөрчлөгдөж утга санаа нь тодорхойгүй болжээ. Иймээс уг бэлгэдэл (лого)-ийн
лавлагааг Архивын Ерөнхий газраас авч, дүрслэлийн утга санааг тодруулан зураач,
калиграфийн мастер, үсэгзүй судлаач Т.Жамьянсүрэнээр эхийг сэргээлгэн
Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэв.
Тус хурлаар ШУА-ийн бэлгэдлийг анх батласнаар нь
хэрэглэх, тус бэлгэдлийг
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд хэрэглэж хэвшүүлэх, хэрэглэх талаар журам
боловсруулан батлахаар тогтлоо.