Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торгуультай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-28 13:10:15

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой байдлын газрын тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт дуудлага, мэдээллийн 20 хувийг тоглосон, андуурсан, эсвэл утсандаа хариу өгдөггүй дуудлага эзэлж, хиймэл ачаалал үүсгэн, тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авахад хүндрэл учруулдаг байна. 

Тодруулбал аймгийн Онцгой байдлын газар гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 7027101, 80101105 болон бусад салбар, нэгжийн тусгай дугаарын утсаар хүлээн авдаг аж. Дээрх дугааруудад ирж байгаа дуудлагуудаас ихэнх тохиолдолд бага насны хүүхэд тоглох, тусгай дугаарыг андуурч залгах, иргэд өөрийн эзэмшиж байгаа гар утсандаа хайхрамжгүй хандсаны улмаас халаасан дахь утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсгэдэг. Иймд тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэсэн тохиолдолд хуурамч дуудлагатай адилтган үзэж хуулийн хариуцлага хүлээлгэх, хуурамч дуудлага өгвөл торгуультай байдаг гэж тус газраас анхаарууллаа. 

Ташрамд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл.

Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх

1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

相关新闻