Залуучууд Өлгий хотын төв талбайд гудамжны номын сан нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-16 21:12:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн оюутан, залуучууд сайн дураараа нэгдэж, өнөөдрөөс Өлгий хотын төв талбайд гудамжны номын сан ажиллуулж эхэллээ.

Тодруулж хэлэхэд, БНСУ-д амьдардаг Б.Еркекик тус ажлыг анх санаачилж, "Номын ертөнц" фейсбүк бүлгийн админ С.Асем, гишүүн Б.Гүлнур, Өлгий сумын "Бастама" сургуулийн сурагч Б.Аяулым нартай хамтран хэрэгжүүлжээ.

Оюутнууд ашиглах боломжгүй хуучин хөргөгчүүдийг засварлан чимэглэж ном хадгалах хоёр сав хийжээ. Тэнд өөрсдийн болон бусад хүмүүсийн хандивласан номыг байрлуулсан байна. Тухайн номуудыг төв талбайд амарч, зугаалахаар ирсэн хүн болгон үнэ төлбөргүй уншиж, мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.

Тэд гудамжны номын цэгийг цаашид хотын хэд хэдэн газарт нэмж байршуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ном хандивлах боломж хүн бүхэнд нээлттэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

相关新闻