Тоглоомын талбайнууд хүүхдүүдэд эрсдэл учруулахаар байна гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-16 16:15:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газартай хамтран энэ сарын 15-ны өдөр Өлгий хотод байгаа хүүхдийн тоглоомын талбайнуудад шалгалт хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгаврын дагуу хийсэн уг шалгалт нь хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг шалгах зорилготой аж.

Хяналт шалгалтад Өлгий сумын 10 талбайн орчин, 40 тоглоомыг хамруулсан бөгөөд зарим талбайг ашиглах боломжгүй, тоглоомууд эвдэрсэн нь хүүхдийг аливаа эрсдэлд учруулахаар байна гэж үзсэн байна.

Түүнээс гадна тоглоомууд хуучирсан, бүрэн бус, арчлалт муу, хогонд дарагдсан, зориулалтын зөөлөвчгүй, цахилгааны утас ил, хамгаалалтгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Иймд шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар холбогдох шатны байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна.

 

相关新闻