“Арвин ургац-Ажлын байр” аянд байгууллагуудыг нэгдэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-10 17:51:01

Төв /МОНЦАМЭ/.  “Арвин ургац-Ажлын байр” аянд аймгийн шүүх, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын хамт олон нэгджээ. 

Тиймээс дээрх байгууллагуудын албан хаагчдыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Магнайбаяр нар хүлээн авч уулзан, аянд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэн, ажлын амжилт хүссэн юм. 

Төв аймгийнхан Атрын IV аяны гарааны жилд хагас сая тонн ургац хураан авах урьдчилсан тооцоололтой байгаа билээ. Энэ жил газар тариалангийн бүс нутгаар бороо хур элбэг, зуншлага сайхан болж, тариаланчид, ногоочдын цаг наргүй ажилласан хөдөлмөр зүтгэлийн үр шим болох тариа, ногоог хаягдалгүй хураан авах зорилгоор аймгийн Ургацын штабаас “Арвин ургац-Ажлын байр” аяныг эхлүүлсэн. Энэхүү аянд одоогийн байдлаар аймгийн Чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ баг, Цанын шигшээ баг, Хөлбөмбөгийн шигшээ багийн хамт олон нэгдэж ургац хураалтад идэвхтэй оролцож байгаа бол өнөөдөр аймгийн Шүүх, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилтан, албан хаагчид аянд нэгдэж байна. Тэдний хувьд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд  өөрсдөө гар, бие оролцохоос гадна бусад албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг нэгдэхийг уриалж байгаагаа илэрхийллээ.

相关新闻