Галын дохиоллын систем суурилуулаагүй зөрчил сургуулиудаас илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-10 14:01:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд боловсролын байгууллагуудад “Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлыг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг зохион байгуулжээ.


Хяналт, шалгалтад 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу  нийт 726 барилга байгууламжийг хамруулсан байна.

Эдгээр барилга байгууламжаас Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн 2601 зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад 1950  зөрчил буюу 74.9  хувийг арилгуулсан бол бусад зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа аж.

Барилгын дотор талд галын дотуур усны даралтат цэг төлөвлөсөн боловч ажиллагааны бэлэн байдлыг хангаагүй, обьектод гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, түүний төлөвлөлт, ажиллагааны бэлэн байдал, засвар үйлчилгээ хийж ажиллаагүй, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг MNS 5566:2020 стандартын дагуу байрлуулаагүй, нөхөн хангалт хийгээгүй зэрэг зөрчил илэрчээ.

 

相关新闻