Х.Цэгмидзаяа: Амьтдыг судалснаар хамгааллын оновчтой аргыг сонгох боломж бүрддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-01 19:36:47

Завхан/МОНЦАМЭ/. Энэ онд тус аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ан амьтдын хамгаалал, судалгаа хэрхэн хийгдсэн талаарх тодруулга ярилцлагыг Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ, мэдээллийн сангийн мэргэжилтэн Х.Цэгмидзаяатай уулзаж тодрууллаа.

-Сайн байна уу? Энэ онд танай байгууллагаас амьтдын судалгаа тооллогыг хэчнээн удаа явуулав?

-Энэ онд Сангийн яамнаас “МУ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”, “Ус үндэсний хөтөлбөр” зэрэг бодлогын хэрэгжилтийг хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийн үйл ажиллагааг тогтворжуулах, дэмжлэг үзүүлэхээр 2020 оны төсөвт судалгаа шинжилгээ, хяналт шалгалт, ухуулга сурталчилгааны ажлыг нэмэлтээр батлуулан хамгаалалтын захиргаануудад хуваарилсан.

Үүний үр дүнд Хамгаалалтын захиргаанаас 2020 оны эхний хагас жилд байгаль хамгаалагчид сард хоёр удаагийн ажиглалт судалгааг цэгэн тооллогын болон Биосан программын аргачлалын дагуу сонгосон дээж талбайд шугаман замналын судалгааны арга зүйгээр хийлээ. Тухайлбал цэгэн тооллогын арга зүйгээр гэхэд ойн болон уулын туруутны судалгаа, шувуудын судалгаа, махчин амьтдын судалгаа, тарваганы нийт 108 удаагийн ажиглалт судалгаа хийсэн байна.

Ойн болон уулын туруутны судалгааг Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газар, Отгонтэнгэрийн Дархан цаазат газруудад цэгэн тооллогын аргазүйгээр 25 удаа, шувууны 59 удаагийн судалгаа, тарваганы  12 удаагийн судалгааг тус тус хийжээ. Судалгааны дүнд  хөхтөн амьтан 10 зүйлийн 402 бодгаль, жигүүртэн 25 зүйлийн 3000 бодгаль тэмдэглэгдсэн байна. Биосан программд нийт 12 зүйлийн 962 бодгаль бүртгэгдсэн байна. 


-Тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтад хэр зэрэг өсөж бэ?

-Мониторинг судалгааны дүнгээс үзэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтад өссөн дүнтэй харагдаж байна. Тухайлбал халиун бугын судалгааг цэгэн тооллогын аргазүйгээр ашиглан судалгааг хийж 109 бүртгэгдсэн байна. Хагас жилийн байдлаар дайр 62, согоо 42 бодгаль тус тус бүртгэгдсэн байна. Амьдрах орчны сонголтын хувьд халиун буга нь шилмүүст ойтой уулын ар хажуугийн дунд хэсгийг илүү сонгон идээшлэн байршдаг байна. Мөн гуу жалга бүхий гүвээ толгодтой шинэсэн ойн зах хэсгээр өглөө оройн цагаар бэлчээрлэх ба ойн цоорхой, нарийн гол горхитой, хөвдөн бүрхэвч сайтай газруудаар төлтэй согоо илүү байршдаг байна. Халиун бугын эврийн судалгаагаар 2019 нийт 200 гаруй хос эвэр олдсон бол 2020 онд 506 ширхэг буюу ойролцоогоор 250 хос эвэр олдсон гэсэн аман судалгаа гарсан байна. Үүнээс үзэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн халиун буга өсөж буйг харуулж байгаа нэг үзүүлэлт юм. Харин бор гөрөөсний тохиолдцын хувьд хагас жилийн судалгаагаар хоёр байршилд 15 бодгаль тэмдэглэгдсэн байна.


-Тарваганы судалгаа, тооллого хийгддэг гэлээ. Тарвага агнахыг хуулиар хориглосон байдаг. Тэгвэл тарваганы өсөлт хэр зэрэг байна вэ?

-Манай газраас хагас жилийн байдлаар  тарваганы судалгааг цэгэн тооллогын арга зүйгээр 12 удаагийн ажиглалтаар 231 бодгаль бүртгэсэн  байна. Тарваганы тархалтын амьдрах орчны сонголтыг үзвэл өвслөг ургамалтай, хайргархуу хөрс зонхилсон бүтэцтэй, уулын дунд болон бэлийг сонгон сонгодог байна. Нийт тарваганы тархалт бүхий газраар хүний хүчин зүйл бага байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тарваганы тоо толгой жил бүр нэмэгдэж байгаа. Мөн Биосан программд замналын судалгааны арга зүйгээр тооллого судалгааг хийдэг байгаа. Биосан программ нь амьтдын бүхий л мэдээллийг агуулдгаараа онцлогтой. Тарваганы судалгааны аргазүйгээр сонгосон найман дээж талбайд 106 удаагийн  ажиглалтаар 558 бодгаль  бүртгэсэн  байна.  Харин махчин амьтны ул мөрийн судалгааг Отгонтэнгэрийн Дархан цаазат газар болон Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газруудад хийсэн бөгөөд нохой зээхийн таван ажиглалтаар таван мөр, саарал чоно хоёр ажиглалтаар 9 мөр, тус тус тэмдэглэсэн байна. Ингээд нийт Биосан программд 147 удаагийн ажиглалтаар 12 зүйлийн 962 бодгаль бүртгэн оруулсан байна.


-Тусгай хамгаалалттай газар нутагт буй шувуудын тооллогоор нийт хэчнээн зүйлийн шувууд байна вэ? Хүний хүчин зүйлээс болж эдгээр амьтдын тоо толгой буурсан тохиолдол бий юу?

-Тэгэхээр энэ оны хагас жилийн байдлаар манай газраас тусгай хамгаалалттай газар нутгуудад шувуудын тоо тооллогыг явуулсан байгаа. Судалгаагаар 25 зүйлийн 3000 бодгаль тэмдэглэгдсэн байна. Гангар хун,  Ооч ёл, зэрэг хамгааллын зэрэг өндөртэй шувууд бүртгэгдсэн байна. Цаашид шувуудын зүйлийг илрүүлэх судалгааг нарийвчлан хийх шаардлагатай байгаа. Усны шувуудын тухайд Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Хөх нуур, Цагаан нуур, Нарт нуурт найман зүйлийн 60 гаруй  бодгаль, Улаагчины хар нуурт 11 зүйлийн 1100 гаруй  бодгаль, Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын томоохон гол нууруудаар дөрвөн зүйлийн 50 гаруй  бодгаль бүртгэгдсэн байна.


–Танайхаас автомат камерын судалгааг хэр зэрэг хийж байна вэ? 

-Хөдөлгөөн мэдрэгч автомат камерын судалгаа нь судлаачдын тэр бүр хараад байдаггүй зүйлийг өдөр шөнийн аль ч цагт тандаад байх боломжтой бөгөөд зэрлэг амьтдын орон зайн тархалт, сүргийн бүтэц, зан төрхийг судлах боломж олгож байгаа юм. Мөн хамгаалалтын захиргаанаас биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж буй газрын үр дүнг харах, зэрлэг амьтан, малын бэлчээрлэлт давхцаж буй газрыг тодорхойлох боломж олгож байгаа юм. 

Хагас жилийн байдлаар зэрлэг амьтдын байршил нутгийг тогтоох, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлсэн цэгийн үр дүнг үнэлэх зорилгоор Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Нарт нуур, Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газарт таван удаагийн судалгааг хийж  гүйцэтгэсэн байна. 

Судалгааны үр дүнд халиун буга, нохой зээх, саарал чоно, бүжин туулай, бараан хэрэм зэрэг таван зүйлийн амьтдын 7000 гаруй дүрс бичигдсэн байна. Мөн шинээр биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх хоёр цэг үүсгэн автомат камер байрлуулсан бөгөөд тус цэг нь халиун бугын тогтмол ирдэг газар болсон нь тус судалгааны үр дүнгээс харагдаж байна.  

-Танайхаас ан амьтдын судалгаа, тооллогыг хийхээс гадна байгалийн нөөцийн хамгааллын ажлыг хийдэг? Энэ жил нийт хэчнээн удаа хамгаалах арга хэмжээ явуулав?

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/602 тоот тушаалыг үндэслэн Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын Идэр сумын зөвшөөрөгдсөн бүсэд 30 га талбайд ойн цэвэрлэгээний огтлолтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ойн мэргэжлийн байгууллагуудын дунд сонгон шалгаруулалтыг хийж гурван ойн мэргэжлийн байгууллага цэвэрлэгээний огтлолт хийхээр шалгарсан.

Аймгийн Засаг даргын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн А/187 дугаар “ойд үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай” захирамжаар зургаадугаар сарын 10-ыг хүртэл  ойд үйл ажиллагаа явуулахыг хориглосны дагуу захирамжийн хэрэгжилтийг ханган байгаль хамгаалагчид хариуцсан газар нутгуудад тогтмол хяналт тавин ажиллалаа. ААН-үүд зургаадугаар сарын 11-ны өдрөөс байгаль хамгаалагчаар эхлэлийн акт үйлдүүлэн, мод бэлтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Тухайлбал байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагт нутаглаж буй малчин өрхүүдтэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гурвалсан гэрээ байгуулж, түймэр гаргахгүй байх баталгааны хуудсанд гарын үсэг зуруулж хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нутаглаж буй 50 гаруй өрхтэй гурвалсан гэрээ байгуулж 120 гаруй иргэнд баталгааны хуудас тараасан байгаа.  

Түүнчлэн Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа 2020 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг гаргаж хамгаалалтын захиргааны даргаар батлуулж ажилласан байна. Дээрх төлөвлөгөөний хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гарын авлага 126 ширхэг, ойн тухай хуулийн гарын авлага 95 ширхэг, амьтны тухай хуулийн гарын авлага 95 ширхэгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тарааж ажиллаа. Ой хээрийн түймрээс сэргийлэх самбарыг гурван ширхэгийг хийж байршуулсан байна.

Мөн ойд цэвэрлэгээний огтлолт хийх аж ахуйн нэгжүүдтэй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх гэрээ  байгуулах, түймрийн аюултай үед эргүүл шалгалт хийх  зэрэг 15 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2020 оны хагас жилийн байдлаар түймрийн аюултай улиралд  28 удаагийн эргүүл шалгалт хийн хариуцан хамгаалж буй газартаа түймэр гаргалгүй ажилласан байна.  Энэ үеэрээ 325 иргэнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа хийж, 316 ширхэг гарын авлага сурталчилгааны материал  тараасан байна.

-Зэрлэг амьтдыг хамгаалах биотехникийн арга хэмжээг энэ жил хэчнээн удаа зохион байгуулав?

-Манай газраас төсөвт нэмэлтээр тусгагдсан зардлаар 2020 оны 06 сарын байдлаар биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлдэг тогтсон найман цэгт, шинээр нэг цэг үүсгэн 1,2 тонн хужир, 28 боодол өвс тавьж нийт 9 удаагийн биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан байна. Биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлсэн 6 цэгийн үр дүнг тодорхойлох зорилгоор автомат камер байрлуулан ажилласан бөгөөд тус судалгаагаар биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлсэн цэгүүд нь ойн туруутан амьтдын тогтмол ирж,  байршин амьдардаг газар болсон нь харагдаж байна. 

-Ер нь зэрлэг амьтдын хамгааллыг тухайн бүс нутгийн иргэдтэй хамтран явуулдаг уу?

-Тийм ээ. Зэрлэг амьтдыг судалж байж хамгааллын ажлыг хийдэг. Зэрлэг амьтдын мониторинг судалгаа болон малчин иргэдээс ирүүлсэн аман судалгааны үр дүнд тулгуурлан тусгай хамгаалалттай газар нутаг болон зэрлэг амьтдын байршил нутгуудад орон нутгийн иргэдтэй хамтран хамгааллын арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байна.

Үүний нэг жишээ бол хамгаалалтын захиргааны мониторинг судалгааны дүнд Халиун бугын сүүлийн зургаан жилд дунджаар 56 бодгалиар өссөн үзүүлэлт байна. Нутгийн иргэдийн олсон бугын ясан эврийн судалгааг гаргахад 2018 онд 200 орчим, 2019 онд  нийт 210 гаруй хос, 2020 онд 250 гаруй хос эвэр олдсон  байгаа нь Халиун буга өссөнийг харуулах нэг бодит үзүүлэлт болж байгаа юм.  

Харин ан амьтдын хорогдлын мэдээнээс харахад гол шалтгаан нь махчин амьтанд идүүлэх болон байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл ган, зудын нөлөөнөөс болж хорогдож байна. Бусад хүний үйл ажиллагаатай холбоотой аюул, дарамт харьцангуй бага байгаа. Мөн тухайн бүс нутгийн малчид тусгай хамгаалалттай газар нутагт хавар, зуны улиралд голчлон нутагладаг юм. Харин өвлийн улиралд Отгонтэнгэрийн Дархан цаазат газар болон Улаагчны хар нуурын Байгалийн цогцолборт газруудад малчин өрх огт нутагладаггүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны болон хязгаарлалтын бүсэд нутаглаж буй малын тоо болон байршлаар нь үзэхэд хавар, зуны улиралд Отгонтэнгэрийн Дархан цаазат газрын Богдын гол хэсэг, Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын Туна, Жаргалант, Ямаат хэсгээр Халиун бугын бэлчээрлэлттэй 1/3 нь давхацдаг гэсэн судалгаа  байна. Энэ оны зургаадугаар сарын байдлаар Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 299 өрхийн 75109  толгой мал нутаглаж байна. 

-Танайхаас бусад байгууллагуудтай хамтарсан судалгааг хийдэг үү? Хийсэн бол хэчнээн судалгааг явуулав? Ер нь хамтарсан судалгаа хэр үр дүнтэй байдаг вэ?

-Бид жил бүр хамтарсан судалгааны ажлыг хийж байна.  Тухайлбал Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр Отгон бор хавцал ТББ-ын судлаач А.Хүрэл-Эрдэнэтэй хамтран Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газруудын орчны бүс нутагт цоохор ирвэсийн тоо толгой, түүний идэш бологч амьтад, түүний амьдрах орчныг тодорхойлох ажлыг амжилттай хийсэн байгаа.

Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас ирүүлсэн удирдамж, арга зүйн дагуу автомат камеруудыг Отгонтэнгэрийн дархан цаазат газар,  Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын салбар уулуудаар 10 хоног мориор явж нийт 32 байршилд цоохор ирвэс болон түүний идэш бологч амьтад болох Янгир ямаа, Аргаль хонь, Халиун буга, Бор гөрөөс зэрэг амьтдын ул мөр бүхий газруудад байршуулсан. Захиалагч талаас ирүүлсэн камер тавих ерөнхий байршлын дагуу байршуулсан.  Ер нь хамтарсан судалгаа хийх нь өндөр ач холбогдолтой, мөн үр дүнтэй ч байдаг. Учир нь мэргэжлийн баг бүрдүүлдгээрээ онцлогтой юм.  

-Жил бүр судалгаа хийх нь хэр зэрэг үр нөлөөтэй бэ? Судалгаа хийснээр ямар ач холбогдолтой вэ?

-Байгаль хамгаалах ажилд судалгаа их чухал байдаг. Учир нь, тухайн газар нутгийн байгалийн онцлог, биологийн олон янз байдлын мэдээлэл, зүйлүүдийн уялдаа холбоог мэдэж авснаар хамгааллын оновчтой аргыг сонгох боломж бүрддэг юм. Мөн жил бүр мониторинг судалгаа хийх нь тухайн орчны өөрчлөлт, амьтдын өсөлт, хорогдол түүнд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг тодорхойлох зэрэг чухал ач холбогдолтой юм.  


-Тэгвэл манай аймгийн тусгай хамгаалалттай газар нутгуудад хэчнээн төрлийн ховор амьтан байна вэ?

-Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт тэмдэглэгдсэн 32 зүйл хөхтөн aмьтан бүртгэгдсэнээс бүс нутгийн хэмжээнд ховордож устaж бaйгaa нэг, устaж болзошгүй дөрөв, ховордож болзошгүй найман зүйл амьтан бaйнa. Хамгаалалтын захиргаанаас ховордлын зэрэг өндөртэй Халиун буга, Янгир ямаа, Цоохор ирвэс зэрэг амьтдын судалгааг Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна. Цаашид 2019 онд шинээр Отгонтэнгэрийн Дархан цаазат газрын өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад орсон газар нутагт биологийн төрөл зүйлийн судалгааг явуулах шаардлагатай байгаа юм.

-Танд баярлалаа. 

相关新闻