Монгол орны брайль тэмдэглэгээтэй анхны газрын зургийг хэвлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-09-01 15:29:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар өнөөдөр 116 дугаар сургуулийн багш, сурагчдад Монгол Улсын брайль атласыг гардуулав.


Харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдын хэрэгцээнд зориулсан Монгол Улсын анхны брайль атласыг зохион бүтээх ажлыг БХБЯ, ГЗБГЗЗГ-аас 2019 онд санаачилжээ. Тус газрын зургийг харааны бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайль бичгээр бичсэн төдийгүй харааны тодорхой хувийн алдагдалтай иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлжээ. 


Брайль тэмдэглэгээтэй атласыг 21 аймаг, нийслэлийн хил, сумын хил, сумын төв, томоохон гол, нуур, тэдгээрийн нэр гэсэн агуулгатайгаар 1:200000-1:1700000-ны масштабаар олон улсын стандартад нийцүүлэн бүтээжээ.


Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд, сурагчид улсынхаа засаг захиргааны нэгж болон томоохон гол, нуурын нэр, байршил, хэлбэр, хэмжээг мэдэж авах боломж бүрдэж байна.


Ташрамд дурдахад, 2018 онд БХБЯ, ГЗБГЗЗГ-аас харааны бэрхшээлтэй иргэд, сурагчдад зориулан дэлхийн газрын зураг, Монгол орны засаг, захиргааны зураг, 116 дугаар сургууль орчмын тойм зураг, 116 дугаар сургуулийн хашаан доторх брайль зургийг зохион хэвлүүлж байжээ. 





相关新闻