“Шинэ Эрэл Гэгээн Муза” цомыг Завханы Хөгжимт жүжгийн театрын хамт олон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-31 13:03:21

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон "Гэгээн Муза-15" наадмаас дөрвөн шагнал хүртжээ.

Тус театрын уран бүтээлчид Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” романыг тайзны бүтээл болгон туурвиж “Гарын таван хуруу” дуулалт жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Ингээд тус бүтээл театрын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах наадамд зургаан төрөлд өрсөлдөж, шилдэг зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг найруулагч номинациудын эзэн боллоо. Энэ жилийн “Гэгээн Муза-15” наадмаас эхлэн шинээр олгож эхэлж буй шүүгчдийн нэрэмжит “Шинэ Эрэл Гэгээн Муза” цомыг Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олонд олгосныг “Гарын таван хуруу” жүжгийн продюсер, Хөгжимт жүжгийн театрын дарга Соёлын тэргүүний ажилтан Г.Солонгод гардуулсан нь давхар баяр боллоо гэж Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.

Гарын таван хуруу дуулалт жүжиг уран бүтээлчдээс ур чадвар шаардсан бүтээл болсон

"Гарын таван хуруу" дуулалт жүжиг нь уламжлалт зохиолын агуулгаар бус өвөрмөц агуулгаар тайзны бүтээл болсон.

Тухайлбал “Гарын таван хуруу” жүжгийн эх зохиолыг өөр өнцгөөс харж эр хүнийг өмөөрч бичсэн юм. Тодруулбал бид жүжгээрээ зохиолын гол дүр Шагдар бол өөр. Шагдарыг өмөөрөх гэсэнгүй харин арай өөр түвшинд гаргаж ирэх гэж хичээсэн. Мөн “Эхнэр эр нөхрийнхөө гэртээ ирэх замыг гэрэлтүүлэх ёстой...“ ингэхийн тулд тэр эмэгтэй өдөр бүр нөхөртөө сайхан харагдаж эр нөхрөө өөртөө татаж байх үүрэгтэй юм.

Гэртээ ирэх замыг муу гэрэлтүүлбэл эр хүн өөр ТОД гэрэлтэй газар руу тэмүүлнэ. Хэрэв эмэгтэй хүн өөрийнхөө биеийг хэт гаргуунд гаргаж унхиагүй унжуу дорой явбал ямар ч эр хүн хэзээ ч орхиод, өөр гал цогтой, биеэ сайхан авч явдаг эмэгтэй рүү явна.

Энэ чанар ч бас буруу зүйл биш. Мөн амьдралыг, бүгдийг эр хүн дан ганцаар үүрэх ёсгүй хамтран амьдралаа босгох ёстой гэдэг агуулгыг барьж бичсэн цомнол юм.

Тиймээс ч “Гарын таван хуруу” эх зохиолыг өөр өнцгөөс харж эр хүнийг өмөөрч бичсэн ба дэлхийд ноёлж байгаа транс авангард чиглэл мөн сценограф зохиол, сценограф хөгжим, цаашлаад сценограф бүжиг, тайз, жүжиглэлт, найруулга гэсэн нэгэн нийлмэл бүтээл болгож үзэгчдийн хүртээл болгосон онцлогтой. Тиймдээ ч манай уран бүтээлчдээс илүү их ур чадвар шаардсан бүтээл болсон юм.

Энэ бүтээлээрээ энэ жилийн "Гэгээн Муза" надамд амжилттай оролцож шагнал хүртлээ. Өнгөрсөн жил "Гэгээн Муза" наадамд манай театрын уран бүтээлчид мөн амжилттай оролцсон гэж “Гарын таван хуруу” жүжгийн продюсер, Соёлын тэргүүний ажилтан Г.Солонго ярив.


相关新闻