Сурагч М.Айсулу хуучин хувцас цуглуулах тусламжийн хайрцаг ажиллуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
Өлгий сумын «Дарын» цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Айсулу хуучин
хувцас цуглуулах тусламжийн хайрцаг ажиллуулж байна.
Тэрээр Е.Тилекжан, С.Айкүмис зэрэг үе
тэнгийн найзуудынхаа тусламжаар дундаа мөнгө
цуглуулж, мужааны цехэд хоёр хайрцаг хийлгэжээ.
Тухайн хайрцагуудыг Өлгий хотын төв талбайд байршуулсан байна.
«Хайрцаг дотор хүмүүс өмсдөггүй, томдсон эсвэл багадсан хувцаснуудаа цэвэрлээд, уутанд хийж үлдээдэг. Харин цугласан хувцаснуудыг бид эдийн засгийн боломж муу, амьжиргааны түвшин доогуур, тусламж зайлшгүй шаардлагатай айл өрхүүдэд тарааж өгнө» гэж М.Айсулу хэллээ.
Одоогоор тухайн хайрцагуудад 4-5 өрхөд хүрэлцээтэй хувцас цуглажээ. Эдгээр зүйлсийг Өлгий сумын «Жаннур» энэрлийн байгууллагатай хамтран зорилтот хүмүүст хүргэх ажлыг удахгүй зохион байгуулах аж. М.Айсулу болон түүний найз нарын дээрх ажлыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Сурагчдын эхлүүлсэн сайн дурын ажил цаашид тогтмол үргэлжилнэ.