Аймаг сумын удирдлагууд оторчидтой уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхан, сум багийн дарга нар малчид оторчидтой уулзалт хийжээ.
Тус аймгийн нутаг дэвсгэрийн 40 хувь гантай, 50 хувь гандуу, 10 хувь нь ногоотой намрын сарыг тун тааруу бэлчээртэй угтаж байна. Аймаг дотроо отор нүүдэл их байгаа бөгөөд 300 гаруй өрхийн 280.000 гаруй толгой мал сүрэг сум дамжин оторлож байна гэсэн тоон мэдээ байгаа юм. Сүүлийн сард отор нүүдлийн улмаас малчдын дунд маргаан үүсээд байгаа билээ. Харин энэхүү уулзалтаар худаг ус, ургамал ногооны гарц тааруу хүндрэл бэрхшээлтэй үед буруу ташаа ойлголцохгүй, эв эетэй байж мал сүргээ бэлчээрлүүлж, отор нүүдэл хийж буй нэгнээ дэмжиж тусалж явах талаар ярилцсан байна. Мөн холбогдох албаныхан отрын бүс нутаг, худаг ус, бэлчээрийн усан хангамжийн талаар мэдээлэл өгч, хүн, малын эмч нар зөвлөгөөг өгсөн юм. Аймаг, сум аюулгүйн нөөцөө сайн бүрдүүлэх, малчид, иргэд ч өвс тэжээлээ базаах шаардлагатай байна.