Зүүнбүрэнгийн саримс ааг амт сайтай, хадгалалт даах чадвар өндөр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд саримс тарьдаггүй айл өрх гэж бараг байдаггүй гэхэд хилсдэхгүй. Ихэнх өрх гэр бүлийнхээ хүнсний хэрэгцээнд тохируулан бага талбайд тарьж ургуулдаг байна. Тэрбүү хэл хэдхэн сотод саримс тариалж, түүнийгээ бусдад борлуулдаг өрхүүд ч цөөнгүй байдаг юм. Өнөөдрийн байдлаар тус сумын 200 гаруй өрх, жилд дунджаар 18 га орчим талбайд 80 гаруй тонн саримс тарьж ургуулж байгаа аж. Энэхүү саримс нь өнөөдөр Зүүнбүрэнгийнхний гол нэрийн брэнд бүтээгдэхүүн болж чадсанаараа онцлогтой юм.
Саримс тарих нь тийм ч амар ажил биш хэмээн ногоочид ярьж байна. Учир нь бүх ажлыг гараар хийдэг бөгөөд ямар ч техник ашиглах боломжгүй аж. Саримс тарьсан гэр бүлийн гишүүн бүр хүчин зүтгэж байж, чанартай сайхан саримс ургуулж авдаг байна. Зүүнбүрэнгийн саримс нь бусад газарт тариалж байгаа саримстай харьцуулахад илүү том булцуутай, хог багатай байдгаараа онцлог, давуу чанартай аж. Мөн ааг амт сайтай, хадгалалт даах чадвар өндөр зэрэг нь импортын саримснаас ялгарах онцлогтой аж.
Саримсыг эрт
дээр үеэс байгалийн антибиотик хэмээн үзэж, эрүүл мэндэд хэрэглэсээр иржээ. Зүүнбүрэн сумын айлууд тарьсан саримсаа 25 ширхэгээр хооронд нь сүлжиж борлуулдаг заншилтай. Мөн сүлжмэл саримсаа
гэрийнхээ үүднээс өлгөөд бага багаар нь авч хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай. Учир нь саримс
үүдэнд байснаар гаднаас
муу
энергийг гэрт оруулахгүйгээс гадна орчны нян бактерийг устгах өндөр чадвартай аж.
Улмаар ингэж
үүдэнд өлгөх нь саримсаа жигд хатааж, амин дэмийг нь алдагдуулахгүйгээр хадгалах хамгийн зөв хатаалтын технологи болж өгдөг байна. Энэхүү Сэлэнгэ
аймгийн Зүүнбүрэн сумын саримс 100 гаруй жилийн түүхтэй гэдэг. Тус сумын иргэд, ногоочид
уг саримсыг өдий хүртэл сортын
чанарыг нь алдуулалгүй,
улам сайжруулан
тарьсаар иржээ.