Алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “English one” сургалтын төвөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 16 алба хаагчийг ахисан шатны англи хэлний сургалтад хамруулж, энэ сарын 17-нд төгсөгчдөд сертификат гардуулав.
ШШГЕГ-аас англи хэлний сургагч багш бэлтгэх зорилгоор анги, байгууллагуудаас англи хэлний дунд түвшний мэдлэгтэй алба хаагчийг сонгон шалгаруулж, 35 хоногт “English one”сургалтын төвд байгууллагаас сургалтын төлбөрийг шийдвэрлэжээ. Суралцагчдыг 8 хүнтэй 2 багт хувааж, 7 хоногийн 4 өдөр 3 цагаар танхимын сургалтад хамруулан гарын авлага, сурах бичгээр бүрэн хангаж, тусгай хөтөлбөрөөр 10 сэдэв бүхий 80 цагийн хичээлийг системчлэн явуулсан байна. Алба хаагчдын мэдлэгийн түвшинг тогтоох, сургалтын үр дүнг тооцох зорилгоор тестийн болон эссэ бичлэгийн шалгалтыг авч дүгнэхэд сургалтын өмнөх үеэс 26.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
ШШГЕГ-ын Хууль тогтоомж,
дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл: “Алба хаагчдыг сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа хөгжүүлж, байгууллагын үйл ажиллагаанд
ашиглагдах мэргэжлийн үг хэллэг бүхий гарын авлага, сургалтын хөтөлбөр
боловсруулахыг үүрэг болгосон. Цаашид байгууллагын үйл ажиллагаанд
шаардлагатай эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон бичгийн орчуулга хийх, олон
улсын зочид төлөөлөгчидтэй харилцах, бусад улс орны ижил чиг үүрэг бүхий
байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, гадаад улсад
суралцах чадамжтай боловсон хүчнийг бүрдүүлэх чиглэлээр анхаарч байна” гэлээ