ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах цахим сонсголын эхний өдөр өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-10 20:00:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны эхний өдрийн цахим сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж өндөрлөлөө.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн иргэдээс 19 хүнийг бүртгэжээ. Уг томилгооны сонсголд нийт 86 иргэн цахимаар оролцох хүсэлтээ ирүүлснээс 55 иргэн оролцогчоор бүртгүүлж, нэр дэвшигчдээс асуулт асуухаа илэрхийлсэн бол 31 иргэн ажиглагчаар оролцов.



ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын эхний өдрийн цахим сонсголоор Х.Мөнхзул, Г.Агар-Эрдэнэ, Б.Энхболд, З.Өнөржаргал, Б.Өнөрмаа, М.Гантулга, Т.Ихтамир, Б.Баттулга, Б.Нармандар, С.Энхцэцэг нарын 10 нэр дэвшигчийн танилцуулга, мэдээллийг сонсож, ажлын хэсгийн гишүүд болон оролцогчид асуулт асуулаа.



Томилгооны сонсголыг Ажлын багийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат даргалан явуулав. Сонсгол явуулах бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар ажиллалаа.


Томилгооны сонсгол маргааш үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

相关新闻