ЭЕШ авах 85 байр бэлджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг ирэх 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-наас өгч буй чиглэл, шаардлагын дагуу энэ жил шалгуулагчид хоорондоо 1.5-2 метрийн зайтай суух бөгөөд танхим 12-оос илүүгүй суудалтай байхаар нийт 85 шалгалтын байрыг бэлджээ.
“COVID-19” халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны ЭЕШ-д дараах өөрчлөлт орсон. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны
өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд
сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.
2. Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлт оруулжээ.
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын хуваарийг батлаагүй
байгаа бөгөөд шалгуулагч албан ёсны www.eec.mn цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой юм.