Сэлэнгэ аймгийн есөн гайхамшгийн нэг Амарбаясгалант хийд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Амарбаясгалант хийд нь Сэлэнгэ аймгийн
Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд оршдог. Энэхүү хийд нь Монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй
бүтээл бурхан номын ариун дагшин газар гэдгээрээ онцлогтой.
Амарбаясгалант хийдийг анх Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргаж байгуулсан гэдэг. Тухайн үед Их Хүрээ байрлаж байсан эл газарт тус хийдийн барилгуудыг бүтээж эхэлсэн бөгөөд 1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж, тоосго, модоор барьж 1737 онд дуусгажээ.
Амарбаясгалант гэдэг нэр нь монгол нэр бөгөөд анх энэ хийдийг
байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоо тус хийдийн байгаа газарт
эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай
тааралджээ. Тэр хоёр хүүхдийн
нэр нь Амар, Баясгалант гэдэг байсантай холбоотойгоор тус хийдийг нэрлэсэн
гэдэг.
Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 108 баганатай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байжээ. Бурхан багшийн сүм, Аюуш, Махгал, Майдар, Нархажидын сүм, Богд гэгээний ордон, Өндөр гэгээний бунхан зэрэг 40 гаруй сүм дуганыг 175 х 207 метр хэрмэн хашаан дотор барьснаас одоо 28 сүм дуган үлджээ.
1937-1938 оны хэлмэгдүүлэлт хийдийг нөмөрч олон зуун лам нар
нь хэлмэгдэн 200 гаруй жилийн турш хуримтлуулж цогцлоосон ховор нандин бурхан
шүтээн, судар бүтээлүүд нь дахин сэргээх боломжгүйгээр устсан байна. Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын
хамгаалалтад авч сэргээн засварлажээ. Одоо
тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол
уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт
хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий. Мөн хийдэд Өндөр гэгээн
Занабазарын бүддэн, мөн III, IV Богдын шарилыг хадгалж байсан байна. Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал
болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн монгол эх хадгалагддаг гэв. Эдгээр монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд
эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон
зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байдаг ажээ.
300 гаруй жилийн настай тус хийдийн
чулуун шат, уран барилга, мод төмөр бүр чамин уран, тансаг хийц загвартай юм. Сэлэнгэ аймгийн
удирдлагууд энэхүү орон нутгийнхаа үзэсгэлэнт сайхан байгальд орших хийдээ
хамгаалах, хайрлаж, сэргээн засварлах ажлыг удаа дараа хийсэн байдаг. Жил бүрийн
хавар, намарт эл хийдэд Гонгорын бумбаны тахилгын ёслолыг үйлдсээр ирсэн юм. Энэхүү
тахилгын талаар тус Амарбаясгалант хийдийн хамба лам
М.Лувсанмолом ийн өгүүлсэн.
АЛИВАА
ЗҮЙЛИЙГ АРВИТГАХ, ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУХАЙД ЭНЭХҮҮ БУМБЫГ ТАХИДАГ
-Гонгорын бумбаны тахилга маш өргөн дэлгэр болдог. Энэ тахилгыг ямар учраас
хийдэг вэ?
-Гонгорын бумбыг манай Амарбаясгалант хийд дээр тахисаар 27 жил болж байна. Гонгорын бумбыг тахиж шүтсэнээр ямарваа нэг харшлах зүйл тухайн айлд байхгүй. Гонгорын бумбыг жилдээ нэг удаа заавал тахиулах шаардлагатай. Гонгорын бумбаа бүсэлхийнээс дээш, хазайлгалгүй, доош нь харуулалгүй авч явах ёстой. Гонгорын бумбыг тахин шүтсэнээр ямар ач тустай вэ гэхээр тухайн айлд заяа буян дэлгэрэх, нас нэмэх, мал арвижих, орон нутагтаа мөн ялгаагүй бороо хур дэлгэрэх, өвөлдөө зудгүй, зундаа ган гачиггүй байхын үүднээс тахиж шүтдэг. Манай хийд 1993 оноос эхэлж тахисан. Тухайн үедээ 10 гаруйхан бумба бүтээж байсан байдаг. Гүрдавааренбүчи Монголд ээлээ өгнө өө гэж бүтээж эхэлсэн. Энэ 27 жилийн хугацаанд ямархуу хэмжээнд дэлгэрч түгж байгааг түмэн маань тольдон харж байгаа байх.
Одоогийн байдлаар нэг түм орчим бумба Амарбаясгалант хийд дээр цуглаж, тахилгаа хийдэг болоод байна.
-Бумбаны тахилга дээр ирсэн
хүмүүс бумбаа гурван жил тахиулах ёстой гэж
ярьдаг. Эсвэл жил бүр тахиулаад л байх ёстой юу?
-1993 оноос өнөөдрийг хүртэл
тахиулж байгаа хүмүүс ч байна. Андуу ташаа мэдээллээс болоод гурван
жил
тахиулчихаад завсарлаж байгаа хүмүүс ч байна. Уг нь жил бүр тахиулах ёстой юм.
Амарбаясгалант хийдийн тахилга жилд 6, 8 дугаар сард хоёр удаа болдог. Энэ
хоёр тахилга бол ялгаа байхгүй ижилхэн тахилга. 8 дугаар сарын тахилга арай өргөн дэлгэр
болоод байгаа нь хүмүүсийн амралттай холбоотой байх. Сүсэгтэн олондоо хандаж
хэлэхэд 6 дугаар сарынхаа тахилгад ирээд оролцвол 8 дугаар сард хүмүүсийн хүрэлцээ
багтаамж сийрэгжиж өгөх учиртай. Гонгорын бумбыг залж
авчирсан хойноо зохион байгуулж байгаа орон нутаг, цагдаа, Амарбаясгалант
хийдийн захиргааны сануулгыг маш сайн дагаж мөрдөн, мэдээлэл сайтай байж хурал
номдоо оролцох юм бол тухайн сүсэгтэн олны хийсэн буян төгс болох юм шүү гэдгийг сүсэгтэн олондоо хэлмээр байна.
-Гонгорын бумбаны тахилгын
хуралд гадаадаас лам нар ирсэн харагддаг. Энэ
талаар?
-Тийм ээ. Энэтхэгээс манай
хийдтэй харилцаа холбоотой байдаг лам нараас зарим
жилийн тахилгад ирдэг
юм.
-Зарим хүмүүс өөрийн
биеэр ирж амжихгүй болохоор бумбаа хүнээр
дайгаад явуулдаг. Энэ
болох
уу?
-Өнөө үеийн нийгэмд хүмүүс маш
их хөдөлмөрлөж байна. Үнэхээр ажил цаг зав нь болохгүй байгаа тохиолдолд
итгэлтэй сайн хамаатан садны хүмүүсээрээ дайгаад тахилгаа хийлгэчихэж байгаа
тохиолдол байгаа. Ингэж болохгүй гэсэн зүйл байхгүй. Болно.
-Амарбаясгалан хийд дээр өөр
ямар томоохон хурал номын зан үйл болдог вэ?
-6, 8 дугаар сарын тахилга болдог. Зуны сард Майдар эргэх гэж зан үйл байдаг. Манай хийд 2002 оноос өнөөдрийг хүртэл цам гарсаар ирсэн. Цам маань бурхны шашны зан үйлийг, бурхны дүрийг олон түмэн, сүсэгтнүүддээ таниулах зорилготой зан үйл. Амарбаясгалант хийдэд өдөр бүр Хийморийн сан, Ногоон дарь эх, Хорин нэгэн дарь эх, Насны бурхан, Цагаан шүхэрт, Лусын сан, Ариун сан, Чойжил дүгжү, Сэржим зэргийг багтаасан Чогжин хурал хурдаг. Эдгээр нь та болон таны үр хүүхэд хань ижил, хамаатан садангийн ажил үйлс, эрүүл мэнд, аз хийморийг дэлгэрүүлэх нигууртай. Харин сар бүрд хурдаг ном Их Манал, Сахиус тахих, Найданчого, Лам Чодвын Цогчэд, Сандуйн жүд. Жилд нэг удаа хурдаг ном болохоор Гонгорын Бумбаны тахилга. Цагаан сарын ерөөл. Майдар эргэх, Цам харайх ёслол, Зулын 25-ны хурал, Арван Хангалын тахилга юм.
-Хийдийн орчмын
байгаль маш
сайхан ногоордог. Энэ бас учиртай болов уу?
-Хийд дээр байнга
ирдэг сүсэгтэн олон маань таньж
мэдэж байгаа. Бороо үргэлж ордог. Бороо хур ингэж тэгширдэг нь бумбатай
холбоотой байх гэж бид өөрсдөө боддог. Учир нь аливаа зүйлийг арвитгах,
дэлгэрүүлэхийн тухайд энэхүү бумбыг тахидаг учраас бороо хур ч ялгаагүй
арвитдаг болов уу гэж бид нар боддог.
-Хийдийн ойр орчны уулан
дээр тарниуд байна. Энэ юу гэсэн утгатай бичиг үсэг байна вэ?
-Энэ уулан дээр байгаа тарни
бол язгуурын гурван бурхны зүрхэн тарни байгаа. Очирваань, Манзушир, Жанрайсаг
гэсэн гурван бурхны зүрхэн тарни юм. Энэхүү гурван бурхан маань их нигүүлсэнгүй
их нирвааныг бэлгэддэг. Энэ бол сүсэгтэн олон харах төдийд буян хураадаг ийм
хүчтэй тарниуд. Иймээс уулан дээр хүний нүдэнд маш эл газар байрлуулж залсан
байгаа.
-Сүсэгтэн олондоо хандаж
ерөөлөө хайрлана уу?
-Нийт сүсэгтэн олны маань арван цагаан буян нь арван зүгтээ дэлгэрч, үүрдийн үүрд, үеийн үед буян тань дэлгэрч байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ташрамд дурдахад, Амарбаясгалант хийд нь Улаанбаатар хотоос 350 км, Эрдэнэт хот орох төв замаас 35 км-ийн зайд оршдог. Тус хийд нь 2006 оноос эхлэн өөрийн үйл ажиллагаандаа дэмжлэг болгох зорилгоор гадаад, дотоодын мөргөлчин жуулчдыг хүлээн авч үйлчлэх бүрэн хүчин чадал бүхий “Амарбаясгалант бясалгалын төв”-ийг ажиллуулж эхэлжээ. “Амарбаясгалант бясалгалын төв”-өөс олсон орлогыг Амарбаясгалант хийдийн шавилан суугч лам нарын хоол унд орон байранд зарцуулдаг байна. Нэг ээлжиндээ 50-аад амрагч хүлээн авах хүчин чадалтай, иж бүрэн 15 гэр, 50 хүнд нэгэн зэрэг үйлчлэх монгол, европ, ази хоолтой тохилог зоогийн газартай юм байна. Энд:
-Бурхны шашны сүсэгтэн шавь
нар, эргэлчин мөргөлчин нар хийдийн хурал номын үйлд оролцон буян хураах
-300-аад жилийн түүхтэй
“Амарбаясгалант” хийдийн хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцуулах
-Шашны зан үйлүүд болон
урлаг соёлын өв болох Майдар эргэх, Цам харайх, Бумба
тахих ёслолыг үзэж, буян хураах.
-Байгаль эхийн
бүтээсэн онгон дагшин газар орон болох Суваргын ам, Хүйсийн ам, Дарь эх толгой,
Наранбулаг, Бүдүүн, Нарангийн рашаан, Бүрэнгийн нуруу, Орхон, Сэлэнгэ, гол
түүний эрэг, сав газрын байгалийг сонирхох
-Гайхамшигт уран хийц, чимэг
зүүсгэл бүхий Монгол хувцас эдлэл хэрэглэлүүдтэй танилцан дурсгалын зураг
авахуулах
-Морин болон явган аялал
хийх, нум сум харвах зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх
-Нүүдэлчдийн уламжлалт ахуйг хадгалан буй нутгийн айлуудаар зочлох үндэсний хоол, зоог, шүүс тэргүүтний амтыг мэдэрч дээжийг хүртэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг юм байна.



















