Гандболын спортын тухай анхны ном хэвлэгдэн гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын салбараас 2020 оны салхийг хагалж гарч буй, гандболын спортын анхны монгол номыг Монголын гандболын холбоонд хүлээн авах ёслол өнөөдөр болов.
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж буйгаас спортын тэмцээн наадам, бэлтгэл сургууль үндсэндээ зогсонги байдалд орсон гэж болно. Харин энэ үеийг ашиглан МГХ-ноос “Гандболын спорт” ном 2020 оны тавдугаар сарын 13-нд хэвлүүлэн гаргасан бөгөөд номын зохиогчоор Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч, доктор, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн багш, магистр, спортын мастер, улсын шүүгч Дөлийн Эрдэнэ-Очир нар ажиллажээ.
Номын редактор гандболын спортын мастер, магистр А.Амгалантамир юм байна. Сүүлийн жилүүдэд Монгол оронд амжилттай хөгжиж байгаа гандболын спортын тухай ном, сурах бичиг энэ спортын багш, дасгалжуулагч нарт эрэлт хэрэгцээ ихтэй байдгийг гандболын шилдэг багш, тамирчин, шүүгч Д.Эрдэнэ-Очир нь гярхай ажиглан, гандболын спортын тухай номыг бичих санаачилгыг гаргасан байна.
Уг номд дэлхийд болон Монгол Улсад гандболын спорт үүссэн түүх, хөгжил,
олимпын наадмын амжилт, гандболын тоглолтын дүрэм, талбайн хэмжээ, бөмбөг хэрэглэл,
ерөнхий ойлголт, тус спортын техник, тактикийн арга хэлбэр,
тусгай дасгалууд, сургалт дасгалжуулалтын төлөвлөлт, гадаад нэр томьёог монгол
хэлэнд буулган цэглэх, шүүгчдийн эрх, үүрэг зэрэг өргөн агуулгыг багтаасан ном болжээ.
Энэ номын дагуу нь
гандболын спортын сургалт дасгалжуулалтыг явуулах, тэмцээн зохион байгуулах ба
сургалт, үйл ажиллагааг явуулдаг бүх шатны ерөнхий болон их, дээд боловсролын
байгууллагын хичээл, секц, дугуйланг удирдахад хэрэглэх юм. Мөн спортын
сургууль, клубүүд, бусад байгууллага, тэдгээрийн сурагч, оюутан, багш,
дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, арга зүйч, судлаач, биеийн тамир,
спортын салбарын удирдах ажилтан, хөгжөөн дэмжигч, ард иргэд ч ашиглах боломжтой юм байна.