Вива сити хороолол дахь “Энэрэл” төвтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-05-13 16:45:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвд оюуны бэрхшээлтэй, тархины саажилттай гэх оноштой 24 хүүхэд хүмүүждэг. 


Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн ажилтай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал өөртэйгөө адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв  Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөр авалгүй  3 жил ашиглуулж байгаа аж.



“Манай төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаа болон хөдөлгөөний засал, сургалтууд явагддаг. Мөн хүүхдээ харж буй эцэг эхчүүдэд нь ажил эрхлэх боломж олгодог гэдгээрээ онцлог. Төв хажуудаа “Ханни” чихмэл тоглоомын үйлдвэртэй бөгөөд мөн тус төвийн хүүхдүүдийн эхчүүд ажилладаг байна. Эхчүүдийн урласан тоглоомыг борлуулж олсон ашиг нь төвийн үйл ажиллагаанд чамгүй их нэмэр болдог” гэж “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн тэргүүн Т.Туяажаргал ярив.



Тэрбээр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв өнөөг хүртэл статусгүй явж байгаа. Ямар нэгэн стандарт журамгүй үйл ажиллагаа явуулж байгаагаас төрөөс санхүүжилт авахгүй, хүүхдүүдийн багахан хэмжээний төлбөр, эхчүүдийн урласан чихмэл тоглоомоосоо санхүүжилтээ зохицуулдаг. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжих орчинг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй учраас Төр захиргааны байгууллагын харьяа болох эсвэл хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. Тусгай сургуульд бүртгэлтэй ч байнгын асаргаатай учраас хичээлдээ явж чаддаггүй маш олон хүүхэд гэртээ байна. Энэ хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгаад байхгүй аль болох өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг хийлгэж, хөгжүүлэх сонирхолтой. Бид адилхан зовлонтой учраас үр хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийж явна” хэмээн тулгамдсан асуудлаа ярьжээ.



Хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудал нь шаардлагатай эм бэлдмэл дутмаг байдаг. Монгол Улсад бүртгэлтэй 5 төрлийн эм байдаг ч хүүхдүүдийн биеийн онцлогоос хамаараад таарахгүй байх тохиолдол их гардаг. Коронавирусний халдвараас үүдэн хил хааснаас гадаадаас захиж авчирдаг эм тасарч зарим хүүхдүүдийн өвчин хүндэрсэн. Иймд “Энэрэл” төвийн хамт олон Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан ч шийдвэрлүүлж чадаагүй аж. 


“Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийн дэргэдэх “Ханни” чихмэл тоглоомын төвд бүх төрлийн зөөлөн тоглоомуудыг урладаг бөгөөд одоогоор 100 ширхэг чихмэл туулай урлах НГБХЗХГ-ын захиалгыг гүйцэтгэж байлаа. Энд чихмэл тоглоом урлахаас гадна амны хаалт, бээлий, түлхүүрийн оосор бүх төрлийн гар эсгүүрийг хийдэг байна. Мөн ЕБС-ийн технологийн хичээлд зориулсан гар оёдлын бэлдцүүд ч их байв.


Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдийн аав нэгдэн  “Ирээдүй төв” Төрийн бус байгууллагыг нээж өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгааг хэлсэн юм.


“Ирээдүй төв” ТББ-ын гишүүн хуулийн зөвлөх Ж.Ганболд “Бид өнөөдрийг хүртэл бүх санхүүжилтээ өөрсдөө гаргаж байна. Энэ үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад хүндрэлтэй асуудлууд их. Тэгэхээр цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгайлсан хөгжлийн төвүүдийг дүүрэг бүрт нээх, дэмжлэг туслалцааг байнга үзүүлэх шаардлагатай байна. Тусгай сургууль 4, 2 цэцэрлэг байгаа ч бүтэн цагийн, ганцаарчилсан болон бүлгийн тогтмол хөгжлийн төв зайлшгүй хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд биеэрээ мэдэрч байна” гэв.


Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүүхдүүдэд шаардлагатай эмийн жагсаалт болон албан хүсэлтийг УОК, ЭМЯ-д хүргэж, ажил хэрэг болгохыг дуулгаад цаашид тус төвийг стандарт шаардлагад нийцсэн статустай болгох, хувьсах зардлыг олгох асуудлыг судалж шийдвэрлэх Ажлын хэсэг гаргахаар боллоо хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

相关新闻