Төрийн албан хаагчид анх удаа урьдчилгаа, хүүгүй орон сууцтай болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-11 23:29:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид Монгол Улсад анх удаа урьдчилгаа төлбөргүй, хүүгүй нөхцөлтэйгөөр орон сууцтай болж байна.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил "Сэлэнгэ орон сууц" ОНӨААТҮГ-аас хэрэгжүүлж буй "Төрийн албан хаагчдын 120 айл"-ын төслийн гүйцэтгэлтэй өнөөдөр танилцлаа. Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу төрийн албан хаагчдыг хямд өртөгтэй орон сууцаар хангах зорилт тавьсан юм. Энэхүү ажлын хүрээнд төрийн албан хаагчдын төвлөрөл ихтэй, Сүхбаатар суманд эхний ээлжинд 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Эл орон сууц нь төрийн албан хаагч банкны урьдчилгаа болон хүү төлөхгүйгээр зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлж барагдуулан, орон сууцтай болж буйгаараа онцлогтой юм.

Тус барилгын гүйцэтгэгчээр “Таван Хан Уул” ХХК ажиллаж байгаа аж. 120 айлын орон сууцны 80 айлын хоёр блок барилгыг ирэх 6 дугаар сард ашиглалтад оруулж, төрийн албан хаагчдад түлхүүрийг нь хүлээлгэн өгөхөөр шуурхай ажиллаж байна. Харин ирэх 8 дугаар сард үлдсэн 40 айлын нэг блок барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөт ажлаасаа гүйцэтгэгч компани түрүүлж яваа гэдгээ хэллээ.

Барилгын ажлын явцтай танилцах үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэ ажил бол зөвхөн эхлэл. Бид цаашдаа яг энэ чиглэлд төрийн албан хаагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүхэл бүтэн хотхоныг байгуулахаар төлөвлөсөн. Мөн сумдад 2, 4, 8, 16, 32 гэх мэтээр судалгаанд үндэслэсэн хэрэгцээт орон сууцуудыг барина. Сумдын Засаг дарга нарт эхний ээлжинд инженерийн шугам сүлжээндээ ойр газраа олж бэлэн байлгах чиглэлийг өгсөн. Бидний эрхэм зорилго бол төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, санхүүгийн хувьд хамгийн хямд төсөр байдлаар орон сууцтай болоход нь дэм болох юм. Ямар нэг урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр, ямар ч хүү байхгүй зөвхөн үндсэн төлбөрөө богино хугацаанд төлөөд өөрийн гэсэн орон байртай болно гэдэг төрийн албан хаагчдын хувьд том боломж. Төрийн албан хаагчдаас энэ арга замаар байртай болъё гэсэн хүсэлт их ирж байгаа. Бид судалгаа авсан. Тиймээс энэ хэсгийг тэр чигт нь төрийн албан хаагчдын хотхон болгохоор төлөвлөсөн” гэв. Тус орон сууцанд орох төрийн албан хаагчдыг байгууллага бүр өөрсдийн дотоод хурлаараа хэлэлцэж шийдсэн бөгөөд аймгийн зүгээс бүх байгууллагадаа квот өгчээ. Аймгийн хэмжээнд орон сууцны хамгийн их эрэлт хэрэгцээ ихтэй байгаа төрийн албан хаагчдын хувьд эмч, багш, онцгой байдал, цагдаагийн албаныхан орж байгаа юм.



相关新闻