Тужийн нарсыг түшиглэн экологийн боловсрол олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумын нутаг дамнан
оршдог экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдол бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий
түүхэн дурсгалт газар бол “Тужийн нарс” билээ.
Тужийн нарс нь байгалийн зүй тогтлын хувьд өвөрмөц бөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог аж. Ардын хувьсгалын ялалтыг авчирсан, журамт цэргийн нуугдаж явсан нэгэн түүх энэ нарстай холбоотой юм. Энэхүү түүхт нарсанд 1986-2002 онд долоон удаагийн их хэмжээний түймэр гарсан бөгөөд зах зээлийн шилжилтийн үед иргэдийн эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр 70 орчим хувь нь устаж үгүй болсон гашуун түүх байдаг. Гэвч ухамсарт хүмүүний ачаар дахин сэргэж, өнөөдрийн байдлаар Тужийн нарсны 10088.65 га ой нөхөн сэргээгдсэн бөгөөд үүний 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50 хувь нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ. Энд 10 м өндөр, 6 м урт, 5 м өргөн, нийт 144 м2 талбайтай цамхгийг 2018 онд байгуулсан юм. Энэхүү цамхгийг ашиглан тус газарт хүүхэд багачуудад таримал ой, түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгох, цаашлаад жуулчдын очих дуртай газрын нэг болгон тохижуулжээ. Ингэснээр сурагчдыг хамруулан "Бүтээлч эко” аялалд оролцуулж, Тужийн нарсан ойг танилцуулах, таримал ойг биечлэн үзүүлэх, зулзаган нарс модыг хэрхэн тарихыг харуулж үзүүлдэг байна.


