"Дунгийн эгшиг-2020” наадмыг анх удаа цахимаар зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-01 21:33:31

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Зүүнхараа хүүхдийн ордноос уламжлал болгон зохион байгуулдаг Сэлэнгэ аймгийн Мандал сумын аварга шалгаруулах “Дунгийн эгшиг-2020 наадам энэ жил цахим хэлбэрээр амжилттай болжээ.

Тус наадамд нийт 50 сурагч бүтээлээ ирүүлэн оролцсон байна. Эл наадмыг бага, дунд, ахлах насны ангиллаар зохион байгуулж, нас тус бүрээс 1-ээс 4-р байр эзэлсэн сурагчдыг тодруулан шалгаруулжээ. Шалгарсан сурагчдын шагналыг Мандал сумын Зүүнхараа хүүхдийн ордны ажилтан алба хаагчид өөрсдийн биеэр гэрт нь очиж гардуулан өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын зохиолч, уран бүтээлчдийн нэгдэл энэхүү тэмцээнийг шүүн тодруулсан аж. Ингээд ахлах насны ангилалд Хэрх сургуулийн 10а ангийн сурагч Д.Мөнгөнсум "Би үргэлжлэл", дунд насны ангилалд Мандал ЕБ-ын 3-р сургуулийн ангийн сурагч Б.Энхжин "Миний эмээ", бага насны ангилалд Түнхэл сургуулийн ангийн сурагч А.Ууганчимэг "Миний эх орон" шүлгээрээ тус тус тэргүүн байрын эзэд болсон байна.

Энэхүү наадам нь хүүхэд багачуудыг монгол хэлний үгсийн уран сайхнаар аялуулах, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулах, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, үгийн урлагаар дамжуулан түгээх зорилготой зохион байгуулдгаараа онцлогтой юм.  

 

相关新闻