10 дугаар байрыг дахин төлөвтөлтөд оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Номгон багийн 10 дугаар байрны оршин суугчдыг хотын дарга Ж.Мөнхсоёл хүлээн авч уулзлаа. 10 дугаар байрны барилга 42 жилийн өмнө буюу 1978 онд 36 айлын орон сууцны зориулалтаар ашиглалтад орж үүнээс хойш их засварт ороогүй өнөөдрийг хүрчээ.
Нөхцөл байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2017 оны дүгнэлтээр хундаам суурийн нуралт өгөх, барилгын бүтээцэд өөрчлөлт, элэгдэл орж газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамжгүй, оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл бүрдсэн тул дахин төлөвлөлтөд оруулах шаардлагатай байгаа нь тогтоогдсон гэж дүгнэсэн байдаг. Тиймээс оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжоор хангахаар дахин төлөвлөлтөд оруулахаар болж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг болгон аймаг орон нутгийн төсвөөс энэ онд 135.0 сая төгрөг төлөвлөжээ. Энэ хүрээнд оршин суугчдаас саналын хуудсаар санал хүсэлт авч, тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан байна.