Баян-Өлгийн нутгаар дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс
гаргасан дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад тухайн сард агаарын
дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэнд бага зэрэг
хүйтэрч, шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Харин хоёрдугаар
арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй
дулаарч шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-19 градус дулаан, бусад хугацаанд
шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.
Энэ сард олон жилийн дунджийн орчим хур тунадас бууна.
Хоёрдугаар арав хоногийн эхэн,
гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар хур тунадас,
уулархаг нутгаар нойтон цас орох аж.
Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе,
гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар салхины хурд 13-15 м/с, зарим үед 19-23 м/с хүрч цасан
болон шороон шуурга шуурна.