Хөл хориог сунгаж, баярын өдрийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-20 23:06:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 12 дугаар хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар тус аймгийн төв болон сумын төвүүдэд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг энэ сарын 26-ны өдөр хүртэл сунгажээ.

Энэ талаар аймгийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга З.Азат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нар мэдээлэл хийв.

"Одоогоор гэрийн нөхцөлд тусгаарлаж ажиглалтад авсан Өлгий сумын төвд 55, Цэнгэл суманд 3, Бугат суманд 1 иргэн байгаа. Аймгийн төвд тусгаарласан иргэний 3 нь Улаанбаатар хотын иргэн. Тухайн иргэдийн хувьд энэ сарын 13-ны өдөр Казахстан Улсаас орж ирсэн. Казахстан Улсад короновирусний халдвар бүртгэгдсэнийг зарласнаас нэг хоногийн өмнө орж ирсэн учраас гэр гэртээ тусгаарлаж ажиглалтад байгаа. Хуулийн дагуу тухайн иргэдийг 14 хоног тусгаарлах бөгөөд энэ хугацаа гуравдугаар сарын 26-ны өдөр дуусна. Тийм учраас дээр дурдсан 59 иргэний ажиглалтын хугацаа дуусах хүртэл хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг сунгасан" гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед хэллээ.

Түүнчлэн улсын Онцгой комиссоос Цагаан сар, Олон улсын Эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурыз баярыг тэмдэглэхийг хориглосон учир болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү арга хэмжээ авсныг тэрээр онцлов.

Мөн аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Наурызын баяр буюу 3 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төвд хүнс болон малын зах зэрэг хүмүүс олноор цугларах газруудын үйл ажиллагааг зогсоож, тухайн өдөр өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Өлгий хот дотор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

 

相关新闻