Хөл хорионы дэглэм зөрчсөн 16 зөрчилд хариуцлага хүлээлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг
дахь Цагдаагийн газраас Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр
гаргасан аймгийн Засаг даргын захирамж, холбогдох эрх бүхий байгууллагаас тогтоосон
хорио цээрийн дэглэм зөрчсөн 16 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага
тооцжээ.
Энэ талаар тус газрын Урьдчилан
сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Асылбек
мэдээллээ.
Бүртгэгдсэн нийт зөрчил дотор цагийн
хуваарь зөрчсөн 7, цахим сүлжээгээр олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл
түгээсэн 1, маршрутаа үнэн зөв мэдүүлээгүй 1, тусгаарлах байранд эд зүйлс хууль
бусаар оруулахыг завдсан 2, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн 5 зөрчил байна. Зөрчил
гаргасан этгээдүүдэд 2 сая 250 мянган
төгрөгийн торгууль оногдуулжээ.
Одоогоор Баян-Өлгий аймагт 289 иргэн
тусгаарлах байранд ажиглалтад байгаа. Гэвч ажиглах байранд байгаа зарим
иргэн байрлах журмыг зөрчих, үүрэг гүйцэтгэж байгаа төрийн алба хаагчдын
шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, байр, хоолыг голох, бусдыг буруу
зүйлд уриалах зэрэг зохисгүй үйлдлүүд гаргажээ. Цагдаагийн алба хаагчид дэг
журам сахихыг шаардаж, гарсан зөрчлүүдийг баримтжуулж байгаа ба ажиглалтын
хугацаа дуусмагц зөрчил гаргасан иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх
ажээ.
Иймд ажиглалтын болон тусгаарлах
байранд байрлаж байгаа иргэдийг журам, хорио цээрийн дэглэмийг
чанд сахиж, төрийн байгууллага албан тушаалтнаас тавьсан шаардлагыг биелүүлж
ажиллахыг тэрээр анхаарууллаа.