Бод малыг олноор нь хулгайлсан этгээдүүдийг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас мал хулгайлсан гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлсэн байна.
Удаа дараагийн үйлдлээр бусдын олон тооны бод малыг хулгайлсан бүлэг этгээдүүдийг Цагдаагийн газар илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулаад эхэлжээ. Иймд малчид малаа өдөр, шөнийн цагт байнга хариулга, маллагаатай байлгаж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас анхаарууллаа.
Тус аймгийн хувьд малын хулгай бага гардаг боловч сүүлийн жилүүдэд буюу өнгөрсөн онд мал хулгайлах гэмт хэргийн тоо өссөн дүнтэй гарсан аж. Тодруулбал 2018 онд мал хулгайлах гэмт хэрэг 8 бүртгэгдэж байсан бол 2019 онд 13 болж 38 хувиар өссөн байгаа юм. Ялангуяа зам дагуу бүс нутаг болох Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций суманд тухайн хэрэг их гарсан бөгөөд малыг бэлчээр дээр нь буудаж хулгайлсан хэргийг илрүүлэн таслан зогсоож байсан билээ. Үүнээс гадна Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумыг тойроод буюу Ханхонгор сумын нутагт бог малыг бэлчээрээс нь ганц нэгээр хулгайлах гэмт үйлдэл тасрахгүй байгаа учраас малчид малаа байнгын маллагаатай байлгахыг зөвлөж байна.