Иргэдийг зорчсон газраа үнэн зөвөөр мэдүүлэхийг онцгойлон анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-27 19:41:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын хойд хилийн бүс нутаг гэдгээрээ Сэлэнгэ аймаг онцлогтой. Энэ ч утгаараа хорио цээрийн дэглэмийн энэ үед сонор сэрэмжтэй, өндөр хариуцлагатай байж, дээрээс өгч буй үүрэг чиглэлийг ёсчлон биелүүлж ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга цаг тутам сануулан үүрэг чиглэл өгч байна.

Өнөөдөр өглөөний 11 цагт ОХУ-ын хилээр дамжин Алтанбулаг боомтоор Монгол Улсын 11 иргэн орж ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус иргэдийн зургаа нь Улаанбаатар хот, дөрөв нь Орхон аймаг, нэг иргэн нь Сэлэнгэ аймгийн харвьяат байгаа аж. Эдгээр иргэдийн гурав нь уг өвчний голомттой газраас ирсэн учраас шинжилгээ авч Улаанбаатар хотын ХӨСҮТ-рүү илгээхээр мэргэжлийн эмч нарын баг аваад явсан байна. Албан бус мэдээллээр ирэх 03-р сарын 01-ний өдрөөс ОХУ-ын зүгээс БНСУ-тай агаарын тээврийн үйлчилгээгээ түр зогсоох мэдээлэл байгаа гэнэ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол хойд хилээр орж ирэх урсгал багасах нь тодорхой юм байна.

Мөн аймгийн Онцгой комиссоос нийт иргэддээ хандан маш хариуцлагатай байхыг уриалж, төр засаг, аймаг орон нутгийн шийдвэрийг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэх ажилд дэм болохыг хүслээ. Иргэдийн ухамсар, хариуцлагатай байдал энэ цаг үед онцгой чухал болохыг анхаарууллаа. Түүнчлэн Монгол Улсын хойд хилээр орж ирж байгаа нийт хүмүүсийг зорчсон газраа үнэн зөвөөр мэдүүлэх ёстойг онцгойлон анхаарууллаа.

相关新闻