Түрээсийн төлбөрийг зуны улирлынхаар тооцох асуудлыг ИТХ-д оруулахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын “Сэлэнгэ” /ОНӨААТҮГ/ олон улсын худалдааны төвийн түрээслэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.А
Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа үед уламжлалт цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гарснаар иргэдийн худалдан авалт огцом буурч,зарим түрээслэгч түрээсийн төлбөрөө төлөхөд хүндрэл гарчээ.
Түрээслэгчдийн санал, хүсэлтийн дагуу 2020 оны 02, 03 дугаар сарын түрээсийн төлбөрийг цаг үеийн онцгой нөхцөл байдлын үүднээс зуны түрээсийн төлбөрөөр төлөх асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Засаг дарга өөрийн биеэр танилцуулан шийдвэрлэхээ илэрхийлэв.
Засаг дарга түрээслэгчдэд хандан үйлчлүүлэгчдийн сэтгэл санаанд нийцсэн, эрэлт хэрэгцээг хангасан, үйлчлүүлэгчээ хүндэтгэн дээдэлсэн, соёлтой үйлчилгээг цаг ямагт үзүүлж ажиллахыг хүслээ.
Олон улсын худалдааны төвийн хэвийн үйл ажиллагааг “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг юм. Тус төв нь 186 түрээслэгчтэй бөгөөд нэг м2 талбайн түрээсийн төлбөр зундөө 12500, өвөлдөө 23750 төгрөг байдаг аж.