Цагдаагийн алба хаагчид нэмэгдүүлсэн хүчээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-13 09:46:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нэмэгдүүлсэн хүчээр ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлуудыг гүйцэтгэж байгаа аж. Эл ажлыг гүйцэтгэхдээ хэв журмын эргүүлийг нэмэгдүүлсэн хүчээр зохион байгуулан ажиллаж байгаа гэнэ. Мөн эргүүлийн үеэр аймгийн Засаг даргын 2020 оны А/16 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлж байна.

Тухайлбал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын цагийн хязгаарлалтад хяналт тавих, үдэш оройн цагаар гадуур явж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгөх зэрэг ажил, арга хэмжээг зохион байгуулжээ. Түүнчлэн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудын ажилтнуудад хулгайлах гэмт хэргийн замаар олсон байж болзошгүй, сэжиг бүхий эд зүйлийг барьцаалан зээл олгохгүй байхыг анхааруулжээ. Энэ талаарх мэдээ мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдээлж, хамтран ажиллах, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийсэн байна. Мөн тус сумын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, гудамж талбай, худалдааны төв, захуудын ойр орчимд хяналт тавьж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

 

相关新闻