Н.Анхзул:Миний хүүхдүүд хүмүүст маш том сургамж өгч, маш олон хүүхдэд буян болоод одлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн Г.Чинбат, Н.Анхзул нарт тохиолдсон уй гашууг хуваалцахаар тус аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос 48 цагийн хандивын аяныг зарласан юм. Энэхүү хандивт нийт 1.500.000 төгрөг цугласныг тус холбооны тэргүүн Ё.Батул, тэргүүлэгч Ж.Энхмаа нар энэ сарын 10-нд Зүүнбүрэн суманд очиж, ар гэрт нь гардуулан өгчээ.
Тэднийг очиж сэтгэлийн хандиваа гардуулан өгөхөд охидын ээж Н.Анхзул “Эрхлэгчийг маань битгий буруутгаарай. Хэн ч ийм зүйл тохиолдоно гэж бодоогүй. Эрхлэгч маань ажлаа хүлээлгэж өгсөн, бас л амьдрах гэж яваа хүн шүү дээ” хэмээн асар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн шаналал, уй гашуугаа даран байж хэлсэн байна. Мөн “би болон манай гэр бүлийн зүгээс цахим орчинд бичигдэж байгаа янз бүрийн худал мэдээллүүд, сэтгэгдлүүдэд маш их харамсаж байна. Миний нэрийг барьж, миний өмнөөс цалингийн зээл дарж өгөөч гэж дуучин Ану руу нэгэн эмэгтэй хүн уйлж ярьсан гэнэ. Мөн нөхрийг маань салсан. Хүүхдүүдээ тоодоггүй гэх мэт худал зүйл бичиж байна. Үүнийгээ болиоч ээ. Нөхөрт маань үнэхээр хэцүү байгаа. Анх очиход юу болсныг надаас өөр хэн ч мэдэхгүй шүү дээ. Бас эрхлэгчийг маань битгий буруутга, ийм зүйл тохиолдоно гэж хэн ч бодоогүй хэмээн эрхлэгчээ өмөөрөн суух 25-хан настай, сайхан залуус ямар сэтгэлийн тэвчээр, ямар их ухаан гарган байхыг хараад сэтгэл эмзэглэж, маш их бахархах сэтгэл төрлөө хэмээн тэд хэллээ. Ёстой мундаг ухаан, сэтгэлийн хат эндээс л харагдлаа гэв.
Талийгаачдын гэр бүлийнхэн тусалж дэмжиж байгаа бүх хүмүүст баярласнаа мөн илэрхийлсэн байна. Мөн тэд “хүүхдүүд маань эргээд аав, ээждээ мэндлэх болноо” гэсэн сэтгэлийн тайвшралтайгаар тэднийг үдэж өгчээ.