Хэнтий аймгийн сонгуулийн хороо байгуулагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны энэ сарын 18-ны өдрийн 21-р тогтоолоор Хэнтий аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсан намуудын төлөөлөл болон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах тус хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, инженер эрхзүйч мэргэжилтэй Ө.Цогбадрах, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга, эрхзүйч мэргэжилтэй Ж.Ганбаатар ажиллах бол гишүүдээр аймгийн Бүртгэл статистикийн газрын дарга, хүний их эмч мэргэжилтэй Б.Эрдэнэнамжилмаа, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, санхүү эдийн засаг, нягтлан бодох мэргэжилтэй С.Хэрлэнчимэг, аймгийн НЭ-ийн дарга, хүний их эмч мэргэжилтэй Н.Орхончимэг, аймгийн БСГ-ын дарга, багш мэргэжилтэй З.Бат-Эрдэнэ, Аймгийн Музейн эрхлэгч, эрхзүйч мэргэжилтэй Ц.Эрдэнэбулган, Хэрлэн 4-р сургуулийн нийгмийн ажилтан, багш мэргэжилтэй Б.Жавхланбаяр, аймгийн Архивын тасгийн дарга, эрхзүйч мэргэжилтэй Л.Бат-Октябрь нар ажиллах ажээ.
Одоогоор СЕХ-ноос өгсөн чиг үүргийн дагуу аймгийн сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөөг гаргаж батлах, дарга, нарийн бичиг, гишүүдийн ажил үүргийн хуваарийг гаргахаар ид ажиллаж байгаа юм байна. Хуулиараа 4-р сарын 25-ны дотор багтаж аймгийн сонгуулийн хороо сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлан гаргах ёстой аж. Энэ удаагийн ээлжит сонгуулийн онцлог нь сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчдыг сургалтанд хамруулж сертификат олгохоос гадна тэднээс сонгож шат шатны сонгуулийн хороонд ажиллах гишүүдийг томилох юм байна. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас авсан мэдээллээр мэдээллийн санд бүртгэгдсэн 788 төрийн албан хаагчдаас эхний ээлжинд 86 нь хамрагдсан бол хоёр дахь удаагийн сургалтад 160 гаруй төрийн албан хаагч хамрагдаж байгаа юм.
Монгол Улсын УИХ-аар 2015.12.25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай шинэ хууль нь үндсэн 2 хэсэг, 19 үндсэн бүлэг, 41 дэд бүлэг, 166 зүйл, 1600 заалттай бөгөөд тус хуулийг ард иргэдэд таниулах, сурталчлах ажлыг аймгийн сонгуулийн хороо өөрсдийн чадах дээд хэмжээнд зохион байгуулна гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг