ХЖТ-ын уран бүтээлчид даавуугаар амны хаалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХЖТ-ын уран бүтээлчид даавуугаар амны хаалт хийж сайн үйлсийн аяныг өрнүүлж байна.
Тус аймагт нэг хэрэглээний амны хаалтны үнэ өсөж, олдоц ховор болсон учраас дээрх хамт олон энэхүү ажлыг санаачлан хийж байна. Нийтдээ 500 ширхэг амны хаалт хийгээд байгаа бөгөөд байгууллагынхаа ажилчид, тэдний ар гэрийнхэнд эхний хийсэн амны хаалтуудаа өгсөн байна. Харин өнөөдөр тэд аймгийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Наранбаатарын санаачилгаар ГБХЗХГ-тай хамтран зорилтот бүлгийн 200 хүүхдийг витаминжуулах, амны хаалтаар хангах ажилд нэгдэн 200 ширхэг амны хаалт хийж өгчээ. Материалыг нь бөс барааны Мануулт дэлгүүрийн хамт олон ивээн тэтгэсэн байна.
ХЖТ-ын уран бүтээлчид одоо Гашуун сухайт боомт дээр хилээ хамгаалж буй 20 цэрэгт амны хаалт хийж өгөхөөр ажиллаж байгаа аж. Анх энэ ажлыг хөгжимчин н.Саруултанхил санаалчилсан байна. Тэдний хэлж байгаагаар коронавирусний халдварын сургаар амны хаалтны үнэ хөөрөгдөж эхэлсэн. Тиймээс уг үнийн хөөрөгдлийг намжаах, иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах зорилгоор ийн амны хаалт үйлдвэрлэж байгаа гэлээ. Амны хаалтаа хүүхдийнх, том хүнийх гэсэн хоёр төрлөөр хийж байгаа юм байна.