Иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө өгөх “Нээлттэй утас” ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-29 09:18:27

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Онцгой комиссын хурал болж гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл баар, цэнгээний газар, караоке зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг гаргажээ.

Мөн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ. Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд зохион байгуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх талаар айл өрх, албан байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудыг байнга хийхийг ;даалгав.

Аймгийн Эрүүл мэндийн газарт иргэдэд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө өгөх “Нээлттэй утас” ажиллуулахаар боллоо. Түүнчлэн орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөн ихэсч буйтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас зорчигчдыг угтах, зөвлөх үйлчилгээг нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулж эхэллээ. Ханиад томуугаар өвчилсөн хүүхдээ асрах шаардлагатай 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно. Ингэхдээ байгууллага бүр ажлын байрны онцлогтоо тохируулан шийдвэр гаргахыг төрийн өмчийн болон төсвийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагуудад уриалга хүргүүлжээ.

Энэ удаагийн Онцгой комиссын хурлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг дулаан байлгах, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, орчны тохижилт соёлжилтод онцгой анхаарч ажиллахаар боллоо. Түүнчлэн ханиад томууны дэгдэлтийн үе буюу хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдсэн тохиолдолд нөөц ор гаргах, зарим тасгийг хүүхдийн эмчилгээний тасаг болгох үүргийг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад Онцгой комиссоос өглөө.

Үйлчилгээний байгууллагууд дархлаа дэмжих хүнсээр үйлчилнэ

БНХАУ-ын Ухань хотод тархаад буй шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, ажлыг идэвхтэй явуулахыг нийт байгууллагад үүрэг болгожээ.

Тухайлбал аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийх, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг аймгийн Онцгой байдлын газар, ажлын хэсэгт даалгалаа.

Албан байгууллага, айл өрхүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан аймгийн Засаг даргын “Албан даалгавар” гаргахаар болж, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоолоо. Ресторан, зоогийн газруудыг 20:00 цаг хүртэл, дэлгүүрийг 22:00 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэв.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хоёрдугаар сарын цахилгааны төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргалаа. Гуравдугаар сарын 2 хүртэлх хугацаанд группийнх нь хугацаа дууссан иргэдийн хугацааг сунгагдсанд тооцохоор шийдвэрлэлээ. Иргэдэд амны хаалт тогтмол зүүж, албан байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ аньс, чацаргана, аарц зэрэг амин дэмтэй хүнсээр үйлчилж дархлаа дэмжих ажлыг зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссоос тус тус үүрэг болголоо хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

相关新闻