Хилийн 2 боомтын үйл ажиллагааг хаах саналыг УОК-т хүргүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-01-27 14:34:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комисс хуралдаж улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр 3 дугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгүүд болон олон нийтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд хориглосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх дараах үүрэг, чиглэлийг өглөө.

Үүнд урлаг соёл, спортын уралдаан тэмцээнүүдийг цуцлах, хориглох, хурал зөвлөгөөн, найр наадам хийхгүй байх, сум, байгууллага, хамт олон, нутгийн зөвлөлийн нэгдсэн золголт хийхгүй байхаар болсон байна. Мөн дугуйлан, секц, PC тоглоомын газрууд, мөсөн коток, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох, шөнийн клуб, караоке зэрэг олон хүн цуглуулсан газруудыг хориглох, ААН, албан байгуулагууд, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийхийг үүрэг болголоо.

Энэ үеэр эмийн сангууд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх, нэмсэн бол тусгай зөвшөөрлийг цуцлах, зөвхөн аймгийн Эрүүл мэндийн газраас өвчний талаар үнэн бодит мэдээллээр иргэдийг хангах, хилийн 2 боомтын үйл ажиллагааг хаах саналыг улсын Онцгой комисст хүргүүлэх, хил орчмын хяналт шалгалтыг сайжруулахаар болжээ. Мөн Эрүүл мэндийн газар болон МХГ-т нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тодорхой зардал шийдвэрлэхээр болсон байна. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл төрийн байгууллагуудад хуваарь хийж, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор эргүүл хийх юм байна.

相关新闻