Хурдан тэмээний улсын аварга шалгаруулах уралдаан Ерөнхийлөгчийн ивээл дор боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор Улсын аварга шалгаруулах Хурдан тэмээний уралдааныг Өмнөговь аймгийн төв Даланзадгадад энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэ үеэр тором, тайлаг, атан тэмээний уралдаан, тэмээтэй буухиа, богино зайны уралдаан мөн тэмээтэй сайхан хос шалгаруулсан юм.
Тэмээний уралдаанд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан Дорнод гэсэн найман аймгийн 120 орчим тэмээчин 400 гаруй хурдан тэмээтэйгээ оролцлоо. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж, зохион байгуулах комиссын дарга Б.Түвшинбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тэмээчин Д.Хамар, Гавьяат малчин Г.Бүд, тэмээ судлаач, эрдэмтэн Ө.Эрдэнэбилэг болон нутгийн малчид, иргэд оролцож, үзэж сонирхов.
Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдааны Атан тэмээний уралдаанд, Баянхонгор аймгийн Баянлиг сумын аймгийн тэмээчин С.Галтын Улаан ат түрүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын тэмээчин М.Бадамжунайгийн Шар ат аман хүзүүнд, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын тэмээчин Б.Баянжаргалын Хөх ат айргийн гуравт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Ж.Баянмөнхийн бор ат айргийн дөрөвт, Өмнөговь аймгийн Баяндалай сумын тэмээчин Х.Төртайваны хөх ат тавт тус тус хурдлав.
Тайлаг тэмээний уралдаанд Ѳмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн тэмээчин Б.Сумьяагийн шар тайлаг түрүүлж, Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Тѳмѳрхуягын хар тайлаг удаалсан юм.
Хурдан торомны уралдаанд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тэмээчин Цолмонгийн уясан тором түрүүлж, Баянхонгор аймгийн тэмээчин Түвшинжаргалын уяж сойсон тором аман хүзүүндлээ.
Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал, Тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж хэлэхдээ “Тэмээчид маань говь нутагтаа хөдөлмөрлөж, тэмээн соёлыг өдий зэрэгтэй авч явж байгаа учраас тэднийгээ алдаршуулах том ажил эхэлж байна. Тэмээний таван төрлийн уралдаан өрсөлдөөнтэй, сонирхолтой боллоо. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан улсын чанартай уралдаан гэдэг утгаараа Монгол Улсын тэмээн соёлын хөгжлийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь дамжиггүй” гэлээ.
Хурдан тэмээний баярын үеэр тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, найман аймгийн тэмээчид туршлагаа солилцлоо.













