Францад 93 жилийн өмнө монгол оюутнууд сурч байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Франц Улсын Лицей Мишле ахлах сургууль болон Сорбоны их сургуультай энэ сарын 18-нд танилцлаа.
Лицей Мишле ахлах
сургуулийн захирал Бизет Эрик, “Манай сургуульд 1930 оноос хойш монгол сурагч
суралцаж байгаагүй. Монгол сурагчдыг ирж суралцахыг урьж байна” гээд
сургуулийн архивт хадгалж буй монгол төгсөгч Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Л.Намсрай,
Б.Аюурзана нарын хувийн хэргийн хуулбар, гэрэл зургуудыг сайд Ё.Баатарбилэгт
гардуулан өгөв.
Эдгээр сурагчийг 1926 онд
БНМАУ-ын Ардын гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхан Парист хүргэж өгч байжээ. Тэр
үйл явдлаас 93 жилийн дараа Монгол Улсын гэгээрлийн салбарын 32 дахь сайд
Ё.Баатарбилэг тус сургуулийг зорин очсон нь энэ юм.
ХХ зууны хориод оны
дундуур дунд сургууль (долдугаар анги) төгссөн шилдэг 40 сурагчийг Монголын
төр, засгаас бодлогоор дэмжиж Герман, Францад сургасан нь хожмоо шинэ Монгол
Улсын шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд
болсон байдаг.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дээрх лицей сургуулийн багш, удирдлагуудтай дахин монгол хүүхэд сургах асуудлаар санал солилцлоо гэж БСШУСЯ мэдээлэв.