Интернет тасалсны улмаас учирсан хохирол 1.3 тэрбум ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-08 11:57:09

МОСКВА. /TASS/. Иракт Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж буй өдрүүдэд интернет сүлжээг тасалсны улмаас тус улсын эдийн засагт учирсан хохирлын хэмжээ 1.4 тэрбум ам.долларт хүрчээ.


“NetBlocks” компанийн мэдэгдсэнээр, интернет тасалсны улмаас Иракийн эдийн засагт учирсан хохирол 1 тэрбум 385 сая ам.долларт хүрсэн бөгөөд энэ алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 хувь орчмыг эзэлж байгаа аж.  


Өнгөрсөн мягмар гарагт Иракийн нийслэл Багдад хот болон ихэнх муж интернэтээс бүрэн таслагдсан тухай өмнө нь мэдээлсэн юм. Багдад, Басра, Кербала болон бусад хотын хэдэн арван сая оршин суугч цахим сүлжээнд холбогдох боломжгүй болсон бол Иракийн хойд нутгийн курдуудын суурингуудад интернэт тасраагүй байна. Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө интернетийн сүлжээг сэргээсэн хэдий ч гурван цагийн дараа сүлжээ дахин тасарчээ. 


Ажилгүйдэл, авилга газар авч, амьжиргааны түвшин доогуур байгааг эсэргүүцсэн жагсаал Иракт 10 дугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд жагсагчид Засгийн газрын тэргүүн Адель Абдель Махдиг огцрохыг шаардаж байгаа юм. Нийслэл хот болон бусад хэд хэдэн газар тайван жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдал болж хувирсан байна. 

相关新闻