Төслийн үр дүнг тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-31 16:07:06

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоог хангах нь” төслийн үр дүнгийн тайлан уулзалт энэ сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт боллоо.

Уг төсөл нь Сэлэнгэ аймгийн зорилтот таван сум болох Сүхбаатар сумын ЕБ-ын 4-р сургууль, Мандал сумын 3-р сургууль, Цагааннуур, Сайхан, Ерөө сумын сургуулиудад хэрэгжсэн байна. Төслийн үр дүнг тоон судалгааны аргыг хэрэглэж, төсөл хэрэгжиж буй зорилтот таван сумын таван сургуулийн эцэг эх, багш болон уг төслөөс шууд болон шууд бусаар үр шим хүртсэн нийт 596 хүнээс урьдчилан бэлтгэсэн асуулга авч тооцсон аж.

Тодруулбал, “Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо”, “Багшийн ажлын ачаалал”, “Сургуулийн цахим хэрэглээ” гэсэн асуулгууд юм. Асуулгын дүнгээр ЕБС-ийн багш нарын ажлын ачаалал өндөр байна. Энэхүү ачаалалд нөлөөлж буй зүйл харилцан адилгүй байгаа аж. Багш нарын ажилдаа зарцуулж буй цагийн гуравны нэг нь зөвхөн хичээл заахдаа зарцуулсан байдаг байна. Гэвч багш нар  өөрсдийн ажлын ачааллаа хэвийн байдаг л зүйл хэмээн ойлгодог бөгөөд энэ нь ахмад багш нарт илүү илэрчээ. Судалгааны үр дүнд багш нарын зүгээс төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж. Багш нарын 84 хувь нь ямар нэг хэмжээгээр төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцсон байгаа нь төсөл үр дүнтэй хэрэгжсэний илрэл юм.   

Төслийн гол зорилго нь Сэлэнгэ аймгийн зорилтот таван ЕБС-дад эцэг эхийн цахим оролцоог нэвтрүүлж, оролцогч талуудыг чадавхжуулах замаар сургууль, эцэг эх, олон нийтийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ. Энэ ажлын хүрээнд нэн түрүүнд эцэг эх, олон нийт, багш нарт мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалт хийх, түүнчлэн идэвхжүүлэх ажилд хамруулж эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, ингэснээр сургууль, эцэг эхийн хамтын ажиллагаа бэхжинэ гэж үзэж байгаа аж.

Мөн эцэг эхийн цахим оролцоог нэмэгдүүлснээр сургуулийн үйл ажиллагаанд оролцох нь илүү бодитой болж, багш нарын ажлын ачаалал буурна гэж үзжээ. Уг төсөл энэ оны 3-р сарын 11-нээс 10-р сарын 31-ний хооронд хэрэгжиж буй юм. Төслийн санхүүжүүлэгч байгууллагаар Дэлхийн банк, Щвейцарын хөгжлийн агентлаг, хэрэгжүүүлэгчээр Сэлэнгэ аймгийн ИХБ-ын холбоо, төслийн зөвлөхөөр Ардчиллын боловсрол төв /ДЕМО/ ажиллажээ. 

相关新闻