“Ногоон паспорт-Ногоон төгөл”-ийг 6 га талбайд байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-08 15:54:37

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 6 га талбайд байгууллаа. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар 2018 оноос улс орон даяар “Ногоон паспорт” аяныг эхлүүлсэн. Уг аяны хүрээнд “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнг 3,5 га талбайд 500 ширхэг мод тарих үүрэг чиглэлийг аймаг бүрт өгчээ. Үүний хүрээнд Өмнөговь аймаг  6 га талбайд 900 ширхэг мод суулгалаа. Уг хүрээлэнг Даланзадгад сумын угталт, үдэлтийн талбайд байгуулсан юм.

“Ногоон паспорт” аяны сургалтад хамрагдсан 6 сургуулийн 160 гаруй эко клубийн сурагчид болон бусад аж ахуйн нэгж уг талбайд 11 төрлийн модлог ургамлын суулгац тарилаа. "Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг барилгачид дэмжиж байгаа. Угтах, үдэх хаалгыг байгуулж байгаа "Даян байгаль" ХХК-ийнхан санаачилж, барилгачид болон төртэй хамтран бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Энэхүү ажлаар дамжуулан намрын мод тарих ажлыг эхлүүлж байна" гэж ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ ярилаа. 

相关新闻