Мэргэжлийн боловсрол сургалтыг хөгжүүлэх санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-10-07 18:19:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мэргэжлийн боловсрол сургалтыг хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг ХНХЯ-наас төрийн болон мэргэжлийн холбоод, хувийн хэвшилтэй байгууллаа.

Мэргэжлийн боловсрол сургалтын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний үеэр хөндөгдсөн нэг зүйл нь түншлэл, салбар дундын зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх тухай байсан юм. Салбарын шинэчлэлийг амжилтанд хүргэх чухал үр нөлөөтэйг зөвлөгөөнд оролцогчид илэрхийлж байсан. Мөн мэргэжилтэн, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшлийн ур чадварыг өндөржүүлэх чиглэлээр ажил олгогч эздийн ойлголт, хандлагыг шинэчлэх, байр сууриа нэгтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хамтын ажиллагааны чиглэлийг тогтоосон “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллахаар болсон юм.

Санамж бичигт ХНХЯ-ыг төлөөлж, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр БСШУСЯ, БХБЯ, УУХҮЯ, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Говь” ХК-ийн хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Болормаа, Барилга угсралтын “Жунсон констракшн” ХХК-ийн ерөнхий захирал М.Бат-Очир, “Жи Си Ар Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхсайхан, ТМБС-ын Түншлэл, мэргэжлийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Мишигжав, Авто зам, барилгын “Наранбулаг хан” ХХК-ийн захирал Б.Эрхэмбаатар, Монголын Автомашины дистрибьютерүүдийн ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Баасанбаяр нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийг байгуулснаар МСҮТ, Политехник коллежид суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагын сургалтыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулсан, төгсөгчдийг байнгын ажлын байраар хангасан ААН, байгууллагыг эдийн засгийн хувьд дэмжих бодит хөшүүргийг буй болгох, инженер техникийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудад МСҮТ, Политехник коллеж төгсөгч болон төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа ажилтнуудаас түлхүү элсүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх сайн талтай хэмээн ХНХЯ-аас мэдээллээ

相关新闻