Оны тэргүүний багш, сургууль, цэцэрлэгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-04 17:58:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг орон даяар тэмдэглэж байна. Жил бүрийн багш нарын өдрөөр салбарын яам ажил үйлсээрээ тэргүүлсэн багш нар, байгууллагуудаа алдаршуулж хийсэн ажлаа дүгнэдэг уламжлалтай.

Оны тэргүүний багш, Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн сургуулиудаа урин тэднийхээ туршлагыг бусад цэцэрлэг, сургуульд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос Үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж ирсэн бол өнгөрсөн хичээлийн жилд ЕБС-ийн 9 дүгээр ангийн суралцагчдыг 100 хувь хамруулан зохион байгуулсан. Энэхүү чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн 40 сургуульд батламж гардуулж, эдгээр сургууль туршлагаа хуваалцах ажлыг энэ өдөр зохион байгууллаа.

Батламжийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардуулан өгч, баяр хүргэв. Багш нарын баярын энэ өдөр 2018-2019 оны хичээлийн жилийн “Оны тэргүүний багш”-аар Булган аймгийн 2 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Т.Уранбайгаль, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын сургуулийн бага ангийн багш Ч.Янжинлхам, Архангай аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш С.Ганчимэг, нийслэлийн Баянгол дүүргийн 113-р сургуулийн газар зүйн багш Л.Одмандах нар шалгарлаа.  

Мөн Улсын тэргүүний цэцэрлэгээр Увс аймгийн Улаангом сумын 5-р цэцэрлэг, Булган аймгийн Булган сумын 2-р цэцэрлэг, Архангай аймгийн Ихтамир сумын цэцэрлэг, Өвөрхангай аймгийн Баянгол сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны цэцэрлэг тус тус шалгарсан юм.


相关新闻