Эйфелийн цамхгийг ягаан өнгөөр гэрэлтүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПАРИС. /AFP/. Хөхний хорт хавдартай тэмцэх “Octobre Rose” /Ягаан 10 дугаар сар/ кампанит ажлыг дэмжих зорилгоор Францын нийслэл Парис хотын гол бэлгэ тэмдэг болох Эйфелийн цамхгийг ягаан өнгөөр гэрэлтүүлжээ.
Францын нийслэл хотын олон зуун оршин суугч, зочид цамхгийн чанх эсрэг талд байрлах Трокадеро талбай болон Марсын талбайд цугласан байна. Гэрлийн шоуг Парис хотын дарга Анн Идальго албан ёсоор нээжээ. Тэрбээр шоуг нээж үг хэлэхдээ, 2014 оноос хойш хөхний хорт хавдартай тэмцэх хөдөлгөөнийг “дэмжиж байгааг” дурдсан байна.
Гэрлийн шоу үнэ төлбөргүй тоглолтоор үргэлжилж, тоглолтод Францын “Les Rita Mitsouko” хамтлагаас гадна, Их Британийн алдартай поп-рок дуучин Дайдо оролцжээ.
Зохион байгуулагчдынх нь хэлснээр, ийм арга хэмжээ нь өвчинтэй тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлтын талаар олон нийтэд мэдээлэл өгөхөд төдийгүй холбогдох судалгааг хийхэд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахад чухал ач холбогдолтой юм. Эйфелийн цамхгаас гадна Францын эмнэлгийн хэд хэдэн байгууллагууд тусгай арга хэмжээ зарласан байна. Эмч нар хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчилгээ, шинжилгээнд хамрагдах шинэ боломжуудын талаар хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхийн улс орнуудын хүн амын нас баралтын үндсэн шалтгаануудын хоёрдугаарт хорт хавдар нь орж байна. 2018 онд 9.6 сая хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Нас барсан тохиолдлын 70 орчим хувь нь хүн ам нь бага, дунд орлоготой орнуудад бүртгэгдсэн байна.