Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оёдлын цех байгуулж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-03 12:53:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлөөс ХБИ-ийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 5 ажлын байртай оёдлын цехийг байгуулсан байна.

Тус цехийг “Сентеррагоулд компани, Нийгмийн халамжийн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сангаас санхүүжүүлсэн бөгөөд нийт 5.7 сая төгрөгийн хөрөнгөөр байгуулжээ. Цех нь шулуун оёдлын машин, хэрээсний машин, уурын индүү, эсгүүрийн цахилгаан хайч зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Энд цагаан хэрэглэл, ажлын бээлий, хувцас, ханцуйвч, улавч, эко даавуун тор зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа аж. Тус цехийн оёдолчид хувь хүн болон ААНБ-ын захиалга хүлээн авч үйлчилж байгаа гэнэ. Тэдний зүгээс сумынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан дэмжиж, бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс худалдан аваарай хэмээн дамжууллаа

相关新闻