Мянган ахмад багшийн дурсамж уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбоо хамтран Монголын ахмадын өдөр, удахгүй тохиох Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 53 дахь баярын өдрийг тохиолдуулан ахмад багш нарын “Дурсамж уулзалт” хүндэтгэлийн ёслолыг зохион байгууллаа.
Энэ үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг
бүтээлч ахмад багш, “Тэргүүний ахмад багш нарын холбоо, зөвлөл”-ийн шагналыг
гардуулав.
“Шилдэг бүтээлч ахмад багш”-аар Нийслэлийн Багануур дүүргийн
малчин, орос хэлний багш М.Шинэжил шалгарлаа. Тэрбээр гавьяаны амралтаа авсан ч мал маллаж,
олон зуун хүүхэд залууст, мал маллах, ногоо тарих зэрэг хөдөө аж ахуйн арга
ухаанд сургаж байгаа аж. Харин “Тэргүүний холбоо”-гоор МУИС-ийн
ахмадын холбоо шалгарч, шагналаа гардав.
Энэ удаагийн дурсамж уулзалт Ардыг гэгээрүүлэх яам
байгуулагдсаны 95 жилийн ой, Монголын багш нарын 7 дугаар Их хурлын шийдвэрийг
хэрэгжүүлэх агуулгаар болсноороо онцлогтой.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Дурсамж уулзалт”-д оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан уламжиллаа. Ёслолд нийслэл болон бүх аймаг орон нутгийн нийт 30 мянга гаруй ахмад багшийг төлөөлж 1000 ахмад багш оролцов.