Нэгдүгээр ангийн сурагчдад хичээлийн хэрэгсэл бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-26 10:46:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн ЗДТГ-ын явуулын ажлын байранд холбогдох албан тушаалтнуудын хамт Налайх дүүрэгт ажиллалаа.

Энэ үеэр тус дүүргийн “Эрдмийн оргил”, “Голомт” цогцолбор сургууль, 119, 109, 103 дугаар сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 968 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бүхий Панда цүнхийг гардууллаа. Энэхүү бэлгийг БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангаас хэрэгжүүлсэн  “Хайрын илгээмж” төслийн хүрээнд олгожээ.

“Улс орны ирээдүйн хөгжлийн түлхүүр болсон хүүхэд, багачуудынхаа сурч боловсрох их үйлсийн төлөө бид сэтгэл зүтгэл гарган хамтран ажиллах ёстой. Энэ жил Налайх дүүрэгт олон сургууль, цэцэрлэгийг өргөтгөн шинэчилж байна” гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангийн Дэд ерөнхийлөгч Лю Вэн Күй, “Монгол, Хятад улс эртний уламжлалт найрамдалт харилцаатай билээ. Энэхүү “Хайрын илгээмж” төсөл нь хоёр улсыг холбосон дахин нэг нөхөрлөлийн гүүр болно гэдэгт итгэж байна” гэв.

Панда цүнхэнд хичээлийн үндсэн хэрэгсэл болон дүрслэх урлагийн хэрэгсэл, оньсон тоглоом, өдөр тутмын хэрэгцээт зүйлс гэсэн таван төрлийн хэрэглэгдэхүүн багтжээ.

相关新闻