МУИС-ийн Номын сан ISO 9001:2015 стандартын гэрчилгээ гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-02 17:32:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Номын сан Монгол Улсын соёлын салбаруудаас анх удаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа.

Энэ талаар МУИС-ийн Номын сангийн захирал Г.Цэрэнгээс тодруулав.


-Соёлын салбарт анх удаа олон улсын ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж ажилласан. Ямар шаардлага хангасан байдаг талаар мэдээлэл өгнө үү?


-Манай номын сан үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор системтэй, оновчтой зохион байгуулалтаар ажиллах, нийгмийн даяаршил технологийн хөгжил, шинэчлэл, өөрчлөлтийн үйл явцтай холбоотойгоор хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг биелүүлэн, тэдний хүлээлтэд хүрч ажиллах зорилго тавьж ажилласан. Энэ хүрээнд номын сан, соёлын салбарт анх удаа энэхүү олон улсын стандартыг нэвтрүүлэн, ажиллаж байна. Уг стандартын хүрээнд бид уншлага үйлчилгээний зай талбай, хүртээмжийг нэмэгдүүлэх, сан хөмрөгийн баяжилтыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг зорилт дэвшүүллээ. Зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн МУИС-ийн номын санд мөрдөх нэн шаардлагатай 13 заавар, 11 зөвлөмж боловсруулсан. Үйл ажиллагааны 65 процессын зураглал зурж хуулийн нийцэл, гүйцэтгэлийн тулгуур үзүүлэлт, KPI хэмжээст хүрэхийн тулд ямар эрсдэл учирч болох зэргийг бүгдийг урьдчилж тооцож нарийн гаргасны үндсэн дээр бүх зүйл төлөвлөгөөтэй, хугацаатай, хариуцах эзэнтэй маш нарийн системтэй зохицуулалттай болсон. Үүнээс гадна хэн юу хийх нь тодорхой, уншигч хэрэглэгч номын сангийн үйлчилгээ авахад ямар нэгэн хүндрэл чирэгдэл гарахгүй болсон.


-Энэхүү стандарт хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах вэ?


-Номын санг илүү системтэй, зөв бүтцээр ажиллана. Мөн ажилтнууд болон уншигчийн сэтгэл ханамж дээшилнэ. Гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах, хүний нөөцөө хөгжүүлэх боломж нэмэгдэх гэх мэт олон талын ач холбогдолтой.


-Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?


-Бид цаашдаа МУИС-ийн номын санд RFID технологи нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь ном өгөх, авах механик ажлууд бүрэн автомат болохоос гадна хүний нөөцөө хөгжүүлэх, дэлхий нийтийн хөгжилтэй мөр зэрэгцэн очих боломж бий болгох юм. Мөн МУИС-ийн номын сангийн дэргэдэх “Монгол улсын их, дээд сургуулийн номын сангийн консорциум”-аар дамжуулан Монголын номын сангийн салбарт тэр тусмаа хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна.

相关新闻